Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд эдийн засгийг сэргээх бодлого, төсвийн шинэчлэлийг 2022 онд хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээс гадна эдийн засгийг тэлэх том төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.