Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчтэй ЭХЯ өнгөрсөн 17-ны өдөр гэрээ байгуулж, албажуулсан. Өөрөөр хэлбэл, олон жил ярьж хөөцөлдсөн Ховд гол дээр байгуулагдах 90 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэх боломжтой болж байна.
Энэ төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Энэ төслийн өртөг 288 сая долларын төсөвтэй байсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг зээл олгогч Хятадын санхүүгийн боломжтой, дадлага туршлагатай компаниудын дунд тендер зарласан. Тендерт БНХАУ-ын Төрийн өмчит компаниуд шалгарсан. Тендерт шалгарсан компани 271 сая доллараар буюу төсөвт өртөгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан. 61 сарын хугацаанд гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. Барилга угсралтын ажлын явцад 800-1000 мянган түр ажлын байр бий болно. Хөрөнгө оруулалтын ажил ашиглалтад орсноор 80 орчим ажлын байр бий болох учиртай" гэлээ.