Теле хичээлийг бүх үүрэн телефоны хэрэглэгчид гар утаснаасаа үнэгүй үздэг боллоо.
Дэлхий дахинаа коронавирусийн тархалт дэгдэж, холбогдох хөл хориог харилцан адилгүй тогтоогоод байгаа билээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар халдвар авсан болох нь тогтоогдсон нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулиудийг хөл хорионд оруулж, сургалтын хэлбэрийг онлайн хэлбэрт шилжүүлсэн ба энэ аргыг дэлхийн 29 оронд мөрдөж байна.
Улмаар БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран өргөн нэвтрүүлгийн 18 сувгаар цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад теле хичээлийг хоёрдугаар сарын 03-наас эхлэн орж байна.
Энэхүү хичээлүүдийг БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн системийн багийн хөгжүүлэлт хийсэн Боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан нөхөж үзэх боломжтой болжээ. Сурагчдад зориулсан теле хичээлийн econtent.edu.mn сайт руу үнэгүй нэвтэрдэг болгох санаачилгыг Юнител, Мобиком, Жи-Мобайл, Скайтел гэх үүрэн телефоны операторууд дэмжжээ.