Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сү.Батболдын сонголт Г.Мөнхцэцэгт боломж олгох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 40 секунд

УИХ-ын хийсэн хуулийн өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүхэлд нь хөдөлгөж байна. Онцгой нэгэн өөрчлөлт нь Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог. Хүн амынхаа тоогоор улсдаа хамгийн багад бичигддэг тус аймаг энэ удаад Говьсүмбэр аймагтай нэгдэж, хоёр мандаттай болсон.
Тэгвэл Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 1992-2008 онд тус тойрог хоёр мандаттай байсан ч 2011 оны Сонгуулийн тухай хуулиар мандатын тоог нэгээр цөөлсөн юм. 1992 оны УИХ-ын сонгуульд МАН /тухайн үеийн МАХН/-аас нэр дэвшсэн С.Батмөнх, Н.Тогтох нарыг төлөөллөөрөө илгээсэн.
Харин 1996 оны УИХ-ын сонгуулиар дундговьчуудын санал өөрчлөгдөж, АХ эвслээс нэр дэвшсэн Ж.Отгонбаяр болон МАН-ын Н.Тогтох нар ялалт байгуулсан билээ. 2000 оны ээлжит сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Н.Тогтох гурав дахь удаагаа ялалт байгуулж, Дундговиос хамгийн олон удаа сонгогдсон төрийн түшээ болж байв. Түүнтэй хамт Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Наранцацралт ялалт байгуулж, дундговьчууд УИХ-д төлөөлөх нэг эрхээ түүнд “шилжүүлсэн” түүхтэй.
2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө үзэл баримтлал нэг улс төрийн хүчнүүд “Эх орон-Ардчилсан” эвслийг байгуулсан билээ. Ийнхүү тус эвслээс нэр дэвшсэн Ж.Наранцацралт Дундговиос дахин сонгогдов. Харин МАН- ын нэр дэвшигч Р.Раш нөгөө суудлыг нь авлаа.
Тэгвэл 2008 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Х.Наранхүү, Р.Раш нар УИХ-ын гишүүн болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүүг өдгөө УИХ-д төлөөлж буй Б.Наранхүүтэй андуурч ойлгох вий. Хэдийгээр тэд амидаа ч намын харьяалал нь өөр гэдгийг сануулъя. Өдгөө тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой төсөлд IPO босгож, хөрөнгө оруулалт татах хүндхэн үүрэг хүлээж суугаа.
Харин 2012 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү 8064 сонгогчийн дэмжлэг авсан нь 42.56 хувийн саналаар ялалт байгуулсан явдал. Энэ нь улсын хэмжээнд хамгийн цөөн саналаар сонгогдсон гишүүн болоход хүргэсэн юм.
Тэгвэл ирэх сонгуулиар тус тойрогт нэр дэвших эрхмүүд эхнээсээ тодорч байна. Эрх баригч хүчин болох МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нэр дэвшихээр зэхэж буй. Түүний хувьд 2016 оны сонгуулиар Орхон аймгаас сонгогдсон ч энэ удаад тойргоо сольж, Дундговийг тойглоод удаж байна. Нэр дэвших удаах эрхэм нь УИХ-ын гишүүн Сү.Батболд. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр өнгөрөгч 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон мөн л тойргоо сольж, дундговьчуудыг бараадаж байна. Гэхдээ түүний хувьд тойргоо баталгаажуулах хүртэл хос морьтой “давхиж” буй. Хэрэв УИХ-ын гишүүн Сү.Батболд Дундговь аймгийн 6 дугаар тойргоос татгалзвал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 2016 оны сонгуулиар Говьсүмбэр аймгаас сонгогдсон гэдэг утгаараа нэр дэвших нь гарцаагүй юм.
Харин энэ удаагийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд хэн нь намын гишүүдийнхээ итгэлийг хүлээх нь албан ёсоор баталгаажаагүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Наранхүү болон цагтаа дундговьчуудын итгэлийг хүлээж, парламентад сууж байсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо нэр дэвшихээр эхний ээлжинд тодорч байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хувьд өнгөрсөн дөрвөн жил парламентад дундговьчуудыг төлөөлөн суухдаа үндсэн ажлаа хийдүүлж, чуулган таслагчдын тэргүүн эгнээнд нэр бичигдсэн. Гэхдээ тэрбээр нутгийнхандаа гар татдаггүй нэгэн бөгөөд Дундговьд рейтинг нь унадаггүйн шалтгаан энэ юм. Хоёр мандаттай тус тойрогт нэр дэвшихээр зэхэж буй эрхмүүд ийм байна.

Галлагааны улирал дуустал угаарын хий мэдрэгчийг салгаж болохгүй гэв
Галлагааны улирал дуустал угаарын хий мэдрэгчийг салгаж болохгүй гэв
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.