Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Дархлаажуулалтын “эзэнгүйдсэн“ цэгүүдэд вакцины III тунгийн хамрагдалт сул байна

Ангилал
COVID-19 Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 24 секунд

Сүүлийн нэг сарын турш 1500 дотор “эргэлдэж” байсан халдварын тохиолдол ердөө хоёр өдөрт л гэхэд хоёр мянга давж бүртгэгдлээ. Энэ нь дотоодод альфа болон дельта хувилбар тархаж, цаашид нөхцөл байдал хүндэрч болзошгүй хэмээх сануулга биз ээ. Тэгвэл халдварын эрсдлээс сэргийлэхэд III тунд найдвар тавих хүмүүс ч олонтоо байна. Манай улс өнгөрөгч 17-ны өдрөөс эхлэн цар тахалтай тэмцэж буй хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчдыг III тунд хамруулж эхэлсэн билээ. Харин өчигдөр буюу наймдугаар сарын 25-аас эхлэн “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд дархлаа сэргээх III тунг хийж эхлээд байна. Тэгвэл дархлаажуулалтын цэгүүдээр III тунгийн хамрагдалт, иргэдийн идэвх хэр байгааг сурвалжиллаа.

“Вакцинаа хийлгэхээр ирсэн нийт иргэдийн 2-5 хувь нь III тунд хамрагдаж байна”

Дархлаажуулалтын түр цэгээр ажиллаж эхлээд буй “Family medical clinic” эмнэлгийн үүдээр ороход цагдаагийн алба хаагч “Вакцин хийлгэх гэж байна уу” хэмээн асуулга авч байлаа. Эмнэлгийн коридорт дархлаажуулалтад хамрагдахаар эцэг, эхтэйгээ ирсэн хүүхдүүд сууж байхтай таарав. Хичээл сургууль эхлэх хугацаа дөхсөн хэдий ч дархлаажуулалтад хамрагдах хүүхэд, залуусын тоо харьцангуй сул байгаа гэнэ. III тунгийн дархлаажуулалтын явцын талаар “Family medical clinic” эмнэлгийн вакцинжуулалтын урьдчилан сэргийлэхийн эмч М.Мөнхтуулаас тодрууллаа.

-Танай эмнэлэг хэзээнээс вакцины III тунг хийж эхэлсэн бэ. Одоогийн байдлаар нэмэлт тунгийн дархлаажуулалтын явц хэр байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногоос эхлэн цар тахлын үед хариу арга хэмжээний багт ажиллаж буй “Астра зенека” вакцин хийлгэсэн ажилчдыг III тунд хамруулах шийдвэр гарсан. Үүний дагуу Даваа гарагаас эхлэн дархлаажуулалтын ажил эхэлсэн. Манай цэгт дархлаажуулалтад хамрагдахаар ирсэн иргэдийн 2-5 хувь нь л III тунд хамрагдаж байна.

-Гуравдугаар тун гэлтгүй дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх хэр байна вэ?

-Наймдугаар сарын сүүл болж байгаа учраас дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сайн байх болов уу гэж бодсон боловч эсрэгээрээ сул байна. Удахгүй хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байхад их, дээд сургуулийн оюутан залуусын идэвх ч сул байна гэж харж байгаа.Түүнчлэн дан ганц оюутан сурагч гэлтгүй тэдэнтэй ажиллах багш, ажилчдын дархлаажуулалтын ирц өндөр байх ёстой. Гэвч бодит байдал дээр аль алиных нь нь идэвх хангалтгүй түвшинд байна.

Коронавирусийн идэвхжил өндөр, хөл хорио тогтоосон үед иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх, мэдээлэл сайн байсан. Гэтэл наадмын дараагаас иргэд амралтын байдалд шилжсэн гэж харагдаж байгаа юм.

-Есдүгээр сарын дунд үеэс халдварын нөхцөл байдал хүндэрч болзошгүй талаар холбогдох албаныхан мэдээлсээр байгаа шүү дээ?

-Есдүгээр сарын дунд үе гэдэг нь хичээл сургууль эхэлчихсэн байх үе. Энэ тохиолдолд халдвартай хүмүүс халдвараа тарааж, түүний илрэх хугацаа нь есдүгээр сарын дунд үе болж таарч байгаа юм. Тэгэхээр энэ үед вакцинжуулалтад хамрагдчихсан байсан бол халдвартай хүнтэй хавьтал болсон ч хувь хүн өөрийгөө болон хайртай хүмүүсээ урьдчилан сэргийлж байгаа үйлдэл. Яалтчгүй вакцинжуулалтын идэвх энэ хэрээрээ хангалтгүй байвал есдүгээр сард халдвар нэмэгдэж магадгүй гэж бодож байна.

-Вакцин хийлгэхээс өмнө болон дараа юуг анхаарах ёстой талаар иргэдэд зөвлөмж өгөөч?

-Вакцин хийлгэхээс өмнө хэд хэдэн зүйлд анхаарах ёстой. Архаг хууч өвчтэй, харшил, даралттай, дархлааны өвчтэй иргэд тогтмол хэрэглэдэг эмээ хэрэглэсний дараа вакцинаа хийлгэх хэрэгтэй. Яагаад гэвэл архаг хууч өвчин нь вакцин хийлгэсний дараа хариу урвалын нөлөөгөөр шинж тэмдгүүд нь илүү тод илэрч болзошгүй байдаг. Мөн хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, бие ядарч сульдах зэрэг зовиурууд байгаа бол вакцин хийлгэхээсээ өмнө 2-3 хоног ажиглах шаардлагатай. Вакцинаа хийлгэсний дараа 2-3 хоногтоо хүйтэн зүйл идэж хэрэглэхгүй байх, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх, согтууруулах ундаанаас татгалзах, дулаахан байх зэрэгт анхаарах хэрэгтэй.

Өнгөрсөн саруудад 33 дугаар сургуульд дархлаажуулалтын цэг ажиллаж байсан бөгөөд хичээл, сургууль эхлэх болсонтой холбогдуулан татан буулгаж, тус эмнэлгийг сайн дурын дархлаажуулалтын түр цэг болгон хийж эхэлсэн аж.

“III тунд өдөрт дунджаар 300 орчим иргэд хамрагдаж байна”

Ийнхүү бид хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж буй дархлаажуулалтын цэгт III тунгийн явц ямар байгаа талаар тус эмнэлгийн тархвар судлаач эмч М.Орхоноос тодруулсан юм. Хоёрдугаар төв эмнэлгийн хувьд дархлаажуулалтын цэгийн зохион байгуулалтыг хоёр байдлаар хийсэн байлаа. Ингэхдээ хариу арга хэмжээний болон сайн дурын дархлаажуулалтад хамрагдах иргэд болон 12-17 насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг хоёр цэгт байршуулан хийж байв. Өмнөх дархлаажуулалтын түр цэгтэй харьцуулахад энд хүний хөлд дарагдсан байлаа.

-Хоёрдугаар төв эмнэлэгт хэзээнээс дархлаажуулалтын ажил эхэлсэн бэ?

-Улсын төв хоёрдугаар эмнэлэгт наймдугаар сарын 23 буюу энэ долоо хоногоос эхлэн вакцинжуулалтын III тунгийн үйл ажиллагаа эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-н өдрийн А517 тоот тушаалын дагуу эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага буюу хариу арга хэмжээний багт ажиллаж буй ажилчдад чиглэсэн дархлаажуулалтын сайн дурын үндсэн дээр нэмэлт тунгаар дархлаажуулах ажил эхэлсэн юм. Одоогоор зорилтот бүлэг, Астра зенека вакцины бүрэн тунд хамрагдсан болон халдвараар өвчлөөгүй иргэдэд III тунг хийж байна. Иргэдийн идэвх харьцангуй сайн байна. Эмчийн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж, бүртгэлжүүлэх, вакцинжуулах зэрэг эмнэлгийн үйл ажиллагааг давхар хүргэн ажиллаж байгаа.

-III тунгийн вакцины хамрагдалт хэр байна вэ?

-III тунд өдөрт дунджаар 300 орчим иргэд хамрагдаж байна. Зорилтот болон сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа иргэдийн хамрагдалт аль аль нь энэ тоонд багтаж байгаа юм. Нийт III тунд хамрагдаад буй иргэдийн 90-95 хувь нь хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид байна.

-Одоогоор зөвхөн Астра зенека вакцины бүрэн тунтай иргэдэд л нэмэлт тунг хийж байна уу?

-Олон улсад хийж буй судалгааны үр дүнгийн дагуу хоёр тунтай байхдаа халдвар аваад эдгэрсэн хүмүүст одоогоор бүүстер тунгийн асуудлыг яригдахгүй байгаа. Харин хоёр тун аваад өвдөөгүй байгаа хүмүүсийг нэмэлт тунгаар дархлаажуулах ажил явагдаж буй юм. Тэгэхээр дархлаа тогтоцын судалгаа, хоёр тунтай байхдаа халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дархлаа нэлээн өндөр хувьтай байгаа юм. Тиймээс одоогоор тухайн хүмүүст чиглэсэн III тунгийн дархлаажуулалт явагдахгүй.

"Дархлаажуулалтын цэгүүдийг татан буулгасан нь үлдсэн цэгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна"

Сургуулиудад байрлаж байсан дархлаажуулалтын цэгүүдийг татан буулгасан нь түр цэгүүд болон үлдсэн суурин дархлаажуулалтын цэгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байгааг энд онцлох нь зүй. Ачааллын асуудлаас хамааран дархлаажуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэйг иргэд, олон нийт хэлж байна. Гэхдээ зарим түр цэгүүд вакцин хийлгэх иргэдийг хүлээн суухад нөгөө талд нь дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд оочер дарааллаа барьж зогсоно. Өөрөөр хэлбэл, энд хэрвээ ачааллаас шалтгаалж байгаа бол дархлаажуулалтын цэгийг нэмэгдүүлэх гэхээсээ урьтаад зөв зохион байгуулалтыг хийх шаардлага үүсч байгааг энд дурьдая.

Д.Хаянхярваа: Намынхаа бурууг хамгаалж дуугүй байж тэвчихгүй юм байна
Д.Хаянхярваа: Намынхаа бурууг хамгаалж дуугүй байж тэвчихгүй юм байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.