Токио 2020 паралимпын наадам өнөө орой Японд эхлэх гэж байна. Нээлтийн ёслолд Афганистан улсын төрийн далбааг "эв нэгдэл, энх тайвны" бэлгэдэл болгон ашиглах гэж байгаа аж.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож буй зуны 16 дахь паралимп нь Японд тохиолдож буй Ковид-19 дэгдэлтийн үеэр болох бөгөөд Токио болон ойр орчмын мужуудад онц байдал зарласантай холбогдуулан үзэгчдийг хоригложээ.
Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс, "Надаас байнга асууж байгаа асуулт бол бид аюулгүй байдлаа хангаж чадаж байгаа юу гэсэн асуулт. Хариулт нь тийм ээ, хэрэв бид аюулгүй байдалдаа итгэхгүй байсан бол энд байхгүй байх байсан" гэжээ.
Афганистаны тамирчид тус улсын нислэгүүд цуцлагдсантай холбогдуулан Олимпын наадмыг зорих боломжгүй болсон ч Афганистаны тугийг нээлтийн ёслолын жагсаалд оруулах болсныг Парсонс мэдээлэв.
Парсонс сэтгүүлчдэд хандан, "Бид Афганистаны төрийн далбааг ёслолын ажиллагаанд эв санааны нэгдлээр оруулах бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссын төлөөлөгчийг туг өргөгчөөр ажиллахыг энд урьсан. Энэ бол бидний дэлхий дахинд илгээж буй эв нэгдэл, энх тайвны захиас гэдгийг онцлох нь чухал юм. Бид тэднийг энд байлгахыг хүсэж байна, харамсалтай нь боломжгүй, гэхдээ тэдний сэтгэл зүрх энд байх болно" гэжээ.