"Токио 2020" зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллай Монголын төр болон МҮОХ-нд гомдож байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Олимпын дараа маш олон хүн надад баяр хүргэсэн. Би Монголд ирээд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, Монголын ард түмэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Монголд ирснээс хойш 10 гаруй хоногийн турш зочид буудалд байрлаж байхад Монголын төр засгаас хэн ч надтай уулзаагүй. Зарим хүмүүс надтай ирж уулзаад бэлэг өгч баяр хүргэсэн ч Монголын Үндэсний олимпын холбооноос ямар нэгэн арга хэмжээ ч зохион байгуулаагүй. М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт олон төрлийн бэлэг бэлэглэсэн мөртлөө надад юу ч өгөөгүй учраас жаахан харамсаж байна. Би уг нь Монгол иргэншилтэй, Монгол иргэн болсон шүү дээ" гэсэн юм. Түүний ярилцлагыг энд дарж унших боломжтой.
Тэгвэл уг асуудалд Монголын Үндэсний олимпын хорооноос тайлбар хийжээ. МҮОХ "Олимпын мөнгөн медальт Саид Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр засаг болоод МҮОХ-нд гомдолтой байгаагаа өгүүлжээ. Энэхүү асуудалд гарсан үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе.
Саид Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл илэрхийлж, тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгосон билээ. Харин албан ёсоор хүлээж авах тухайд олимпоос ирсэн тамирчид 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах зөвлөмжийг УОК-оос өгсөн. Энэ хугацаа дуусахаар олимпт оролцсон тамирчдаа албан ёсоор хүлээн авч, олимпт оролцсоны батламж болох энгэрийн тэмдгийг гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөж байна.
Наймдугаар сарын 23-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар олимпын наадамд оролцсон тамирчдыг хэзээ хүлээн авч, ОУОХ-ноос ирүүлсэн батламж, үнэмлэх тэмдгийг гардуулж өгөх тов гарах болно.
Улсаас олгох мөнгөн урамшууллын хувьд Засгийн газрын тогтоол гарсан. Олимпын медальтанд сар бүр олгох мөнгөн дэмжлэг 2022 оны нэгдүгээр сараас олгогдож эхлэх учиртай. Энэ бүхнийг түүнд сайн тайлбарлан хэлээгүйн улмаас үл ойлголцол гарсанд МҮОХ харамсаж байна.
Саид Моллай болоод бусад бүх тамирчдадаа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж, дахин ийм үл ойлголцол гаргахгүйн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО" гэжээ.