Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгж байгууллага Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулдаг талаар Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын чиглэлийн ахлах мөрдөгч Ж.Билгүтэй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай "Аба плюс" компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн талаарх мэдээллийг эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны оны нэгдүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн компани 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атлаа 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Монгол Улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Казакстан, Үзбекстан, Украйн зэрэг нийт 13 орноос олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч Монгол Улсад тухайн мөнгийг оруулж ирсэн даруйд 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг 11 улсруу шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Дээрх үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн "Аба плюс" компанийн арилжааны банкуудад эзэмшдэг данснаас гадаад шилжүүлэг хийхээр захиалга өгсөн 10 орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хязгаарласан. Энэхүү компанийг Латви улсын иргэн Игорс гэх хүн 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгийг шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Энэхүү иргэн 2019 онд Монголоос гарснаас хойш өнөөдрийг хүртэл орж ирээгүй байна.
Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад 2021 оны наймдугаар сарын 12-ны өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу иргэн М-ийн гэрт болон оффист нь нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр олон тооны хүрэн баавгай болон шилүүс зэрэг ховор амьтны жагсаалтад орсон ангийн эд эрхтэн илэрч энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 зүйл ангид холбогдож байгаа учраас экологийн цагдаагийн албанаас хэрэг үүсгэн шалгаж байна.
Иргэн М нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулан хуулийн байгууллагын олон ажилтнуудад нөлөөлөх үйлдэл гаргасан. Шүүхийн байгууллагаас иргэн М-ийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон" гэв.