Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шил дараалсан баривчилгаа экс Ерөнхийлөгчийн Х.Баттулгын хүмүүсийг “тойруулж“ эхлэв үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 13 секунд

Авлигатай тэмцэх газраас өчигдөр дахин нэг албан тушаалтныг саатуулж, гэрт нь нэгжлэг явууллаа. Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг цагдан саатуулж, гэрт нь АТГ-ын комиссарууд үзлэг нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Одоогоор Ш.Нямдоржийг ямар хэргээр шалгаж байгаа нь хараахан тодорхой болоогүй байна. Ер нь сүүлийн өдрүүдэд АТГ-ынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Авлигатай тэмцэнэ” гэснээс хойш тун их “идэвхтэй” ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “ТЭЦ-3” төрийн өмчит компанийн удирдлага Ч.Чинбатыг цагдан саатуулж, ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийсэн юм.

Бараг өдөр өнжихгүй АТГ-ынхан “загас шүүрдээд” байгаа нь нэг талаасаа авилгачдыг цээрлүүлээд сайн юм шиг харагдах авч нөгөө талаасаа улс төрийн олон хардлагыг араасаа дагуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хөлдүү, хөшүүн байсан АТГ-ынхан ойрын өдрүүдэд “унтсан луу” сэрсэн аятай л аашилцгааж байна. Харин “шүүрдээд” буй нөхдүүд нь загас уу, жараахай юу гэдэг л эргэлзээтэй.

Манайх шиг улс төртэй газарт энэ мэт цувуулсан, хоорондоо харилцаа хамааралтай шил дарсан баривчилгаануудын цаана ямар нэгэн ашиг сонирхол заавал байдаг нь нууц биш. Жишээлбэл, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед долоо хоног бүрийн баасан гарагт шахуу АТГ-аас хэн нэгэн албан тушаалтыг барьж, шалгаж байсан түүхтэй. Харин дараа нь эдгээр баривчилгаанууд Засгийн газрыг тогтвортой байлгах, мөн зарим нэг хүмүүсийг тойруу замаар “намнах”, дарах гэсэн агуулгатай байсан гэх мэдээллүүд араасаа хөвөрч эхэлсэн билээ.

Тэгвэл наадмын өмнөхөн генерал С.Ганбатаар эхэлсэн баривчилгаа, ТЭЦ-3 төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатаар, өчигдөр Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржоор үргэлжлэв. Ойрын өдрүүдэд хэнээр “өргөжих”-ийг таашгүй. Ч.Чинбатын хувьд МАН дотор өөр бодол тээх болсон “нөхдүүдэд” төрийн өмчийн компаниудад “тавьсан эмзэг цэгүүдийг нь хатгана шүү” гэж сануулсан бол генерал С.Ганбат болон өчигдөр баригдсан Ш.Нямдоржийн баривчилгаа яалтчгүй хуучин Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож уншигдаад байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Ганбат нь Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Баянхонгорын гаралтай энэ хоёр хүний нөхөрлөл эртнээс эхэлсэн. Тиймээс Х.Баттулга тамгаа өгөхөөсөө өмнө "оочер дайруулж" командлагч Ж.Болдод нь өгөхгүйгээр С.Ганбатад бригадын генерал цол хүртэл хүртээсэн. Мөн мань эр УИХ-ын дарга Г.Занданшатартай Ерөнхийлөгч Х.Баттулгаас ч дутуугүй ойр гэх мэдээлэл бий.

Харин сая баригдсан Ш.Нямдоржийн хувьд томилогдсон цагаасаа хойш л Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэр холбогдож, хэвлэлээр бичигдэж байсан нөхөр. Нийслэлийн Ерөнхий прокуророор томилогдоод удаагаагүй байхдаа л Х.Баттулгатай ойрын хүн гэгддэг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй холбогдох авилгын хэргийг санаатайгаар хаасан гэж хэвлэлээр “цоллуулж” байв. Өнгөрсөн хавар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдэж байлаа.

Тиймээс эдгээр баривчилгаа нь экс нэгдүгээр хүний хүмүүсийг "тойруулах", яваандаа Х.Баттулгыг өөрийг нь “онилох” зорилготой байхыг ч үгүйсэхгүй. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгчийг шалгах үйл явц эдгээр баривчилгаануудаар эхэлж, юун түрүүнд ойрын хүмүүсийнх нь алдаан дээр ажиллаж байж болох юм. Түүнийг суудлаа өгөхтэй зэрэгцэж эрх мэдлээ "алдсан" даруйд нь түүнтэй хамааралтай төмөр замын асуудлууд болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой асуудлуудыг хууль хяналтынхан шалгаж эхэлнэ гэдэг яриа улс төрийн хүрээнийхэн дунд сонсогдож эхэлсэн билээ.

Ер уншигчид та бүхэн иймэрхүү баривчилгаа, шалгалт бүрийг аль болох ажиглаж, цаад учрыг нь тунгааж байх нь зүйтэй. Гэмтэй гэмгүйг нь тэртээ тэргүй хууль тогтоогоод өгнө. Харин хэн гэмт этгээдийг хэрэгтээ цагтаа гаргаж ирж ашиглаад, хэрэггүй болохоороо далд хийчихээд байгааг л бодох хэрэгтэй.

Г.Лхагвадорж

МУСГЗ, тонж манлай засуулч Д.Цогзол тэнгэрт дэвшлээ
МУСГЗ, тонж манлай засуулч Д.Цогзол тэнгэрт дэвшлээ
 
ЧУУЛГАН: Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг ХААЛТТАЙ хуралдаж байна
ЧУУЛГАН: Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг ХААЛТТАЙ хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.