Токио-2020 олимпын наадам эхэлснээс хойш ес дэх өдрөө тэмцээн, уралдаан үргэлжилж байна. Монгол Улсын баг тамирчид энэ хугацаанд олимпын наадмын гурван медаль өвөртлөөд буй. Эхний хүрэл медалийг жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүртсэн бол удаах хүрэл медалийг эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар авсан. Тамирчдын медалийн өнгийг өөрчлөн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Саид Моллай токиогийн олимпоос мөнгөн медаль хүртээд буй.
Мөн боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорьж буй гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш хүрэл медалийн төлөө томоохон тулаан хийх гэж байгаа билээ. Түүнээс гадна спортын хэд хэдэн төрлүүдээр манай улсын 13 тамирчин Токиогийн олимпт өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа ханган хуваарьт өдрөө хүлээж буй. Эдгээр тамирчдыг танилцуулж байна.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа барилдана. “Афин-2004”, “Лондон-2012” олимпын наадамд оролцсон, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, 39 нас хүрч байгаа О.Бурмаа маргааш буюу наймдугаар сарын 1-ний 10.00 цагаас барилдана.
Боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорьж буй гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш хүрэл медалийн төлөөх тулалдаанаа ОХУ-ын тамирчин Альберт Батыргазиевын эсрэг 10.00 цагаас хийнэ.
Хүндийг өргөлтийн 87 кг-д ОУХМ Э.Билэгсайхан хүч үзнэ. Монголын эмэгтэй хүнд жингийн туйванчдаас ОУХМ цолыг анх хүртсэн Э.Билэгсайхан наймдугаар сарын 2-ны 10.50 цагаас тэмцээндээ оролцох юм.
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдана. Тэрбээр наймдугаар сарын 2-ны 10.00 цагаас барилдах хуваарьтай.
ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өрсөлдөнө. Тэрбээр наймдугаар сарын 3-ны 10.00 цагаас барилдана.
Гавьяат тамирчин Э.Бэхбаяр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өрсөлдөнө. Тэрбээр наймдугаар сарын 4-ний 10.00 цагаас барилдах хуваарьтай.
Өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Б.Хонгорзул бүх өрсөлдөгчөө цэвэр ялж шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпын наадмын эрхийг авсан. Тэрбээр наймдугаар сарын 4-ний 10.00 цагаас барилдана.
Монгол Улсын эмэгтэй марафоны дээд амжилтыг эзэмшигч ОУХМ Б.Мөнхзаяа наймдугаар сарын 7-ны 06.00 цагаас тэмцээндээ оролцоно.
Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн төрөлд хүч сорино. ОУХМ Т.Тулга наймдугаар сарын 7-ны 17.45 цагаас барилдана.
ОУХМ Ц.Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ийн төрөлд наймдугаар сарын 7-ны 17.45 цагаас барилдах хуваарьтай.
Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, Ц.Энхтүвшин нар эрэгтэй марафоны төрөлд 06.00 цагаас гүйнэ.
ОУХМ М.Лхагвагэрэл Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ийн төрөлд наймдугаар сарын 5-ны 10.00 цагаас барилдах хуваарьтай.
Монгол улсын нэрийн өмнөөс олимпын наадамд оролцож буй нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.