Жилийн жилд шугам сүлжээ, зам засварын ажил иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тэр тусмаа хичээл сургууль эхлэх, авто замын ачаалал ихтэй үеэр зам хаадаг нь жолооч нарын дургүйцлийг өдөөх гол шалтгаан болдог. Тухайлбал, өчигдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон. Энэ жил наадмын ес хоногт нийслэлийн авто зам хэзээ ч байгаагүйгээрээ “сэлүүхэн” байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь олон хоногийн амралт далимдуулан нийслэлээс 80 мянга орчим иргэн хөдөө орон нутаг руу зорчсон гэх тооцоо бий. Тэгвэл нийслэлийн автозамын ачаалал багатай өдрүүдэд шугам, сүлжээний ажлыг хийх боломж байгаагүй гэж үү. Бид энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
“5-р сард нэгдсэн төлөвлөгөө гарсан байсан боловч шугамын материалууд гааль дээр 2-3 сар хүлээгдсэн”
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Шугам сүлжээний ажилд хэрэглэгдэх материалууд гааль дээр 2-3 сар хүлээгдээд орж ирсэн. Манайхаас тавдугаар сард нэгдсэн төлөвлөгөө, хийгдэх ажлуудын чиглэлээ гаргаад батлуулсан байсан. Энэ ажилд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хяналт тавьж ажиллаж байгаа. Түүнчлэн тав, зургадугаар сард цар тахлын нөхцөл байдал, хөл хорио зэргээс шалтгаалан ажил эхлэлгүй удсан. Наадмын амралтын өдрүүдээр нийслэлийн хэд, хэдэн байршилд инженерчлэлийн ажлуудыг хийсэн. Өнгөрсөн долоо хоногт шугам сүлжээний материал ирээд бид ажлаа эхлүүлж байгаа юм. Гүйцэтгэгч компаниуд нь дөрөв болон тавдугаар сард шалгарчихсан байсан. Ер нь энэ жилийн шугамын ажлууд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын ажил удааширалтай байгаа нь гаалиар материал орж ирэхгүй, олдоц муу байгаатай холбоотой” гэлээ.
“Өдөр, шөнийн хоёр бригад ажиллуулж, хугацаанаасаа өмнө дуусгахыг шаардаж байгаа”
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ын шуурхай удирдлагын албаны дарга П.Ууганбаяр “Халуун ус, халаалт, салхивч зэргийн бага ачаалалтай үед нь есөн байршилд зогсолт хийж, зогсолтынхоо хүрээнд шугамуудаа сольж авдаг үе. Өмнөх жилүүдэд есдүгээр сарын 15 хүртэл шугамын ажил хийдэг байсан бол энэ жил наймдугаар сарын 15 гэхэд дуусна. Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний яамнаас баталсан графикийн дагуу зуны шугамын ажлуудыг хугацаандаа хийж байгаа.
Хугацаандаа амжина. Багшийн дээдийн замыг бүрэн хаачихаагүй шүү дээ. Шугам сүлжээнүүд нэгдүгээр эгнээгээр байдаг учраас нэг, хоёрдугаар эгнээгээс бусад хэсгээр чөлөөтэй автомашинуудыг нэвтрүүлж байгаа. Өчигдөр орой л нийслэлээс зөвшөөрлөө аваад компаниуд ажлаа эхэлсэн. Шугамыг нь долдугаар сарын 26-нд зогсоосон байсан. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 8 хүртэл хийгдэх төлөвлөгөөтэй байсан юм. Гүйцэтгэгч компаниуд нь замаа хэрхэн сэргээх, аль хэсгийн замуудыг хаах вэ гэдэг зөвшөөрлөө хөөцөлдөж явсаар байгаад өчигдөр оройноос эхлэн ажлаа эхлүүллээ.
Гүйцэтгэгч компаниуддаа өдөр, шөнийн хоёр бригад тавьж наймдугаар сарын 8-наас өмнө дуусгаж хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа” гэлээ.
Зүүн 4 зам-Багшийн дээд хүртэлх авто замын шугам солих ажлын гүйцэтгэгч компаниар “Некст стандарт” ХХК, “Есөн талст оргил” ХХК шалгарч, ажлаа өчигдрөөс эхлүүлсэн талаар албаныхан хэллээ.