Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллай дэлхийн тавцанд Монгол Улс ХҮНИЙ ЭРХИЙГ дээдлэгч хэмээн ЧАНГААР ЗАРЛАВ

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
4 минут 34 секунд

2021.07.27-ны өдөр Олимпын мөнгөн медальт Саид Моллай "БИ ЭНЭ МЕДАЛИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЗОРИУЛЖ АВСАН"... Тиймээ, энэ бол Монгол гэх дээвэр дор нэгдсэн, Монгол түмний хайрлан бишэрч буй Иран гаралтай Монгол тамирчин Саид Моллайгийн олимпын мөнгөн медалиа дөнгөж гардаж аваад байхдаа хэлсэн үг.

Иран Улсын тамирчин Израилийн тамирчинтай өрсөлдөх хориотой гэх үзлийн дагуу 27 настай Ираны жүдоч Саид Моллай хүний нутагт орогнож байгаад эх нутгийнхаа иргэншлээс татгалзан Монгол Улсын иргэн болсон цаг саяхан.

Ираны Засгийн газар түүнийг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг ТУШААСАН. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны наймдугаар сард Германд очиж, хоёр жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон түүхтэй. Түүнийг Монголын иргэншил хүсэн биднийг зориход Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүлээж авч иргэншил олгож байв.

Харин өчигдөр Токиогийн олимпын Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 81 кг жинд Саид Моллай мөнгөн медаль хүртэв. Энэхүү үйл явдал нь Монголын нэрийг дэлхийд тодоор гаргаж чадлаа. Энэ хэрээр Монгол түмэн түүний алгаа дэлгэж угтсан шиг ээ, цээж дүүрэн баяраар хүлээж авлаа.

Нэгдүгээрт, Монголын тамирчин олимпын наадмын мөнгөн медаль хүртэж буй нь манай улсын спортын түүхэнд бичигдэх нэгэн том үзүүлэлт юм. Хоёрдугаарт, хүний эрх талаасаа Монгол Улс дэлхийн тавцанд нүүр улайхааргүй хөгжилтэй болохыг харуулж чадлаа. Иргэншлээсээ татгалзсан гадны тамирчныг элэг нэгт ах дүү нарынхаа адилаар улсаа төлөөлүүлэн олимпт оролцох эрхийг нь хангасан явдлыг дэлхий нийт их, бага хэмжээгээр харж байна.

Моллайг 2019 онд Монголын иргэншилтэй болж байх үед өнөөдөр ингэж баярлуулна гэж төсөөлөхгүйгээр Монголчууд бид үйл явдлыг хоёр талаас нь харан хоорондоо мэтгэлцэж суув. Зарим хэсэг нь "Дэлхийн чансааны нэгт бичигдэж байгаа бөх Монголын нэрийн өмнөөс барилдах нь өөрт нь ч, бидэнд ч ашигтай" гэж байсан бол нөгөө талаас "Монголын нэрийг Монгол тамирчид л гаргах ёстой. Гадны шашинтай Иран хүнийг өөрийн нутагтаа иргэншүүлэх нь эрсдэлтэй" гэх байр суурийг дэвшүүлж байсан юм.

Саид Моллай Монгол иргэншилтэй болсон нь Иран, Израиль хоёр орны дундуур Монгол орсон гэхээс илүүтэйгээр хүний эрхийг дээдэлсэн Монгол Улс хэмээгдэж, олимпын наадмын мөнгөн медалиар дамжуулан дэлхийд танигдсан явдал боллоо. Үзэгчгүй цэнгэлдэхэд цор ганц үзэгч нь болж төрийн далбаагаа дүрэм бусаар барьж зогссоноос илүүтэйгээр Саид Моллай том үүрэг гүйцэтгэлээ.

Хэрэв тэр иргэншлээ солих шийдвэр гаргалгүй төрөлх нутагтаа үлдсэн бол тамирчны замналынхаа оргил үед бөхийн дэвжээнээс зодог тайлах, эсвэл дэглэм зөрчсөн хэргээр цаазаар авахуулах хоёр сонголттой үлдээд байсан юм. Моллайтай ижил нөхцөл байдалд орсон Ираны алдарт бөх Навид Афкариг 2020 оны есдүгээр сарын 12-нд тус улсын Засгийн газрын шийдвэрээр цаазласан байдаг. Тэрбээр цаазлуулахын өмнө, "Би үхлээс айхгүй байна. Учир нь би гэм буруугүй" хэмээн хэлсэн гэдэг.

Навид Афкариг цаазаар авах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэгчид

Иргэншлээ сольсон нь Саид Моллайгийн шийдвэр, хүлээж авсан нь харин Монгол Улсын шийдвэр. Үр дүнд нь бид өнөөдөр дэлхий дахинд улсынхаа нэрийг хүний эрхийг дээдэлдэг орон гэдгээрээ харуулж чадлаа.

Б.Амарбаясгалан

Саид Моллай сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авна
Саид Моллай сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.