УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан намын 100,000 гишүүдийн гарын үсэг зурах үйл явц, УИХ-ын нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Эв нэгдэлтэй Ардчилсан нам санаачлагын хүрээнд АН-ын нэгтгэх, нэг дарга, нэг тамгатай болгох зорилгоор онц их хурлыг хуралдуулахыг шаардаж 100,000 гишүүний гарын үсэг зурах үйл явц амжилттай өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 50,000 гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Зарим аймаг, дүүргүүдэд дунд шатны хурган дарга нар гарын үсэг зурах явцыг зогсоож байна. 100,000 гишүүний гарын үсэг зурах үйл явцын гол зорилго нь дээрээ дарга нар эв нэгдэлгүй байж болно, доороо гишүүд эв нэгдэлтэй байх юм.
Хоёрдугаарт, 10 дугаар сарын 10-нд болох нөхөн сонгуулийн хуулийн хугацаа дөхөж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдал УИХ-ын нөхөн сонгуульд дахин давтагдах нь. Ерөнхийлөгчийн сонгууль АН-ын унах хамгийн эцсийн шат байсан. Нөхөн сонгууль бол бидний сэргэх гол цэг. Наймдугаар сарын 10-ны өдөр намууд сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, СЕХ-нд албан бичгээ өгөх ёстой. Гэтэл манайхан дахиад л хоёр албан бичиг өгөхөөр болоод байна. С.Эрдэнийн АН-аас Б.Гарамгайбаатар, О.Цогтгэрэлийн намаас М.Хүдэрбаатарыг дэвшүүлэхээр бэлдэж байна. Дарга нар намын гишүүдтэйгээ ойртож ажиллах хэрэгтэй.
МАН-ын хүсэж байгаа зүйл зөвхөн энэ. Хэрэв манай нам эв нэгдэлгүй бол МАН-аас бор халзан төлөг ч байсан гарна. С.Эрдэнэ гэдэг хүн МАН-д үйлчлэх замаар намаа хагаралдуулж удирдаж байна. Нөгөө хэсэг хүмүүс нь МАН-тай аятайхан харьцвал АН-ын тамгыг бидэнд өгнө гэсэн зорилгоор асуудалд хандаж байна" гэв.