ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Харин тус өдрүүдэд халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг хэрхэх талаар БШУЯ-наас мэдээлэл өглөө. Тодруулбал, "Элсэлтийн Ерөнхий Шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Мөн шалгалтын үеэр ажиллах 9 мянга гаруй багш дархлаажуулалтад бүрэн хамрагдсан. Дархлаажуулалт эрчимтэй хийгдсэн учир 17-оос дээш насны иргэдийн дунд халдварын тохиолдол багасаж байна.
Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна.
Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ. ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж 1 дүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна.
Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд 2 удаа авдаг болно" гэлээ.