Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж, цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэрээ Засгийн газар авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдээлэв. Тодруулбал, Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Уг хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ.
Учир нь Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Тэрбээр "Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Энэ талаар мөн Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгаа" гэлээ.