Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ард түмний хайртай “Амгалан төрийн ажнай шарга“ азарга

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 6 секунд

Хүй мандалын торгон ногоон дэнжид бороо хур элбэгтэй тэнүүн сайхан зун болж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам хойшилсон хэдий ч ард түмэн бидний самсааг шархируулж, омогшлыг бадраадаг Амгалан төрийн ажнай шарга төрийн наадамд зургаа түрүүлсэн дэнж дээрээ идээшлэн буйтай тааралдлаа. Одоо 25 нас зооглож буй ар халхын алдарт хүлэгтэй таарсандаа бэлэгшээж энэхүү тэмдэглэлийг бичлээ.

Бид Бага Цагаан хөтлөөс цааш явсаар Амгалан төрийн ажнай шарга азаргыг унаж хурдлуулж байсан Тогтохжаргалтай уулзаж ярилцлаа. Одоогоос 17 жилийн тэртээ шарга азаргыг төрийн наадам болоод улс бүсийн чанартай дөрвөн наадамд хол түрүүлгэсэн байна. Тэр жил шарга азарга эгэлгүй хурдан байсан даа хэмээн унаж эхэлж байсан үеийнхээ дурсамжуудыг ярьж хуучиллаа.

Т.Тогтохжаргал, “Хавар Эрдэнэчулуун ах маань манайхаар очоод шарга азарга энэ жил их хурдтай байгаа гэж хэлээд намайг анх авч ирж унуулж байсан даа. Анх Сүхбаатар аймгийн Түмэнцогтод тэжээлтэй уягдаж байсан юм. Би Архангайгаас ирээд л шууд азарган дээрээ мордож ажил хийж байсан даа. Агуу хурдан буян, дээр нь тогтоод явж байхад л болдог буян байгаа юм даа. Шарга азаргаа унах гээд догдолдог байлаа наадмын шөнө нойр хүрэхгүй манаанд гарч байгаа ах нартайгаа хамт манаад л хоночихдог байсан” гэв

Ингэж хуучилж суусан эгэл хирнээ энгүй энэ уяач залуу дуу цөөтэй олон таван үггүй ёстой л амар амгалангийн туульд оршсон мэт байлаа. Тэрбээр, “Ах нь юм ярихдаа маруухан хүн байгаа юм. Наадамд морь түрүүлгэчихээд айргийн морины хашаанаас ярилцлага өгч чаддаггүй хүн шүү дээ” гээд л нүдээрээ инээж суусан юм.

Ажнай шаргаа унаад салхинаас өөр зүйлд гүйцэгдэж яваагүй энэ залуу өдгөө гуч эргэм насны ухаан бодол уяачийн эрдэм мэдлэг жигдэрсэн нэгэн болжээ. Аавын хүү болгонд олдоод байдаггүй аймгийн алдарт уяач цолны эзэн болсон байна. Шарга азарганыхаа удмын даагаар 2017 онд төрийн наадмаас айраг ууж нулимс дуслуулахаас наагуур хөл нь газар хүрэхгүй баярлаж явсан үе ч түүнд бий гэсэн шүү.

Алтан шаргал нар уулын цаагуур ташаарч, Ажнай шарга унаач хоёр нэг нэгээ танимхайрч морь эзнээ үнэрлэж, эзэн нь дэлнээс нь адис ч авч байгаа тэрхэн зуурын агшинг харсан хэний ч сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулж очихоор байлаа.

Шарга азарга морин тойруулгын Тогоруу халтар азарганы үр халтар азарганы төл бөгөөд эх нь Хэнтий аймгаас гаралтай дүмбэн цагаан гүү байжээ. МУ-ын Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны унаган азарга юм.

Улсын их баяр наадмын 2000 оны түрүү,Өвгөн ноёны улсын бүсийн наадам айргийн гурав,Шувуун саарал улсын бүсийн наадамд 2001 онд түрүү, Улсын их баяр наадамд 2001 онд айргийн дөрөв, Улсын их баяр наадамд 2002 онд түрүү, Улсын их баяр наадамд 2003 онд айргийн дөрөв, Их хурд-III наадамд 2004 онд түрүү, Улсын их баяр наадамд 2004 онд түрүү, Алтан Овооны Төрийн их тахилга наадамд 2004 онд түрүү, Улсын их баяр наадамд 2007 онд түрүү, Их хурд-IV наадмын 2007 аман хүзүү, Улсын их баяр наадамд 2008 онд түрүү, Улсын их баяр наадамд 2009 онд түрүүлсэн түүхэн амжилтын эзэн билээ.

Монголын ард түмний хамгийн хайртай хүлэг гэж хэлж болох энэ хүлгийг бөхөөр бол Бат-Эрдэнэ аваргатай зүйрлэж болох биз ээ. Олон жилийн өмнө зодог тайлсан азарга маань нуруундаа салхинаас өрийг гаргалгүй ижил сүрэгтээ идээшлэн буйтай тааралдсан тэмдэглэл энэ хүрээд өндөрлөж байна.

Ах нь дараа жилийн наадмаар цар тахалгүй байвал нүүр хагарчихаад ярилцлага өгнө өө гэсэн өлзий дэмбэрэлтэй ерөөлөөр биднийг үдлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарынханд 45 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно
Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарынханд 45 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.