УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Урд өмнө нь ажиллаж байсан Элчин сайдуудын зарим нь асуудалд холбогдож, олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг унагасан. Хариуцлага тооцоод эргүүлэн татах нэг өөр. Элчин сайдуудын ажил хэр үнэлэгдэж байгаа вэ"
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Одоо Гадаад харилцааны яаманд хар тамхи болон хар тамхитай холбоотой ямар нэгэн асуудалд орсон ажилтан байхгүй. Тухайн үед Польштой холбоотой жагсаалтад байсан хүмүүсийг Д.Цогтбаатар сайдын үед ажлаас нь чөлөөлсөн. Ёсзүйн журам гэж боловсруулж, мөрдөж ажиллаж байгаа. Сайдын зөвлөлийн дэргэд Ёсзүйн зөвлөл гэж байгуулсан. Хилийн чанадад байгаа монгол иргэдээс мэдээлэл авах, хөндлөнгийн байгууллагуудаар хяналт шинжилгээ хийлгэдэг, дотоод хяналт аудитын газраас Элчин сайдуудын үйл ажиллагааг хянах зэрэг маш нарийн шалгууртай болсон. Баримт бичиг, дипломат паспортыг нь Элчин сайд дээрээ хадгалдаг болох, унаа тэргийг хяналттай болгох зэрэг бүх хяналтыг хийнэ. Цаашдаа томилж явуулахаас нь өмнө ёсзүйн гэрээ байгуулах, сахилга хариуцлагын асуудалд маш нарийн шалгуур тавих, хэлний ур чадварын шалгуурыг илүү нарийн болгоход анхаарч ажиллана"
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Яг хэдэн хүн чөлөөлсөн, шалгагдсан бэ. Нарийн мэдээлэл авмаар байна"
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Таны ярьж байгаатай холбоотойгоор өнгөрсөн хоёр жилийн хугацаанд найман хүн чөлөөлсөн. Одоо тийм асуудалтай ажилтан байхгүй" гэлээ.