Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхээ дуусахынхаа өмнөхөн зарлиг гаргаж, ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлсэн. Ингэхдээ хөнгөн ялтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон эцэг, эхэд уучлал үзүүлсэн байна. Тодруулбал, гурван эмэгтэй, 10 эрэгтэйд уучлал үзүүлсэнээр, ял эдэлж байсан 13 хүн Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан юм.
Уучлалаар суллагдсан хүмүүсийн бусдыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонссон ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэргээр гурван жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн Д.Дамба-Очир нар багтсаныг мэдээлсэн.
Тэгвэл зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хоёр хүний аминд хүрсэн хэргээр буруутгагдан 3.3 жилийн хорих ял сонсоод байсан яруу найрагч Д.Галсансүх ч мөн Ерөнхийлөгчийн уучлалд багтаж суллагдсан байна.
Харин ЗТХЯ-ны Төрийн захиргааны даргаар ажиллаж байсан Б.Махбалыг Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан гэх мэдээлэл нь худал бөгөөд түүний эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг ял эдэлсэнд тооцох зарлиг гаргасан байна.