ХҮН-ын гишүүн Т.Бат-Оргил цахим хуудаснаа төрийн эрхийг хууль бусаар булаагсдын эсрэг сөрж зогсоно гэж мэдэгдлээ. Тэрбээр "Ээж минь, намайг уучлаарай! Хүү нь таны гуйсныг бодож дуугүй явах гэж удтал хичээлээ. Гэхдээ аливаад хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ! Ганцаараа ч хамаагүй, энэ хулчгар хулгайч, төрийн эрхийг хууль бусаар булаагсдын эсрэг сөрж зогсохгүй бол аймхай бэртэгчний амьдрал биднийг хүлээнэ. Нэгэнт дарангуй төр боссоны дараа худлаа санаа алдсан хуурамч ухаарлаар яах ч билээ? Тэгээд ч би ганцаараа байна гэж бодохгүй байна. Эрхбиш судсаар нь ус биш цус урсаж байгаа залуус энэ улсад үлдсэн байлгүй дээ?! Муу амьд явснаас сайн үх гэж та ч өөрөө намайг өсгөсөн болохоор намайг ойлгож уучилхыг тань хүү нь мэдэж байна. Таныг наад МАН-ын "нөхөд" чинь хэмлэх биз. Тийм болохоор ингэж ил хандан бичлээ, хүү нь. Хэцүү байгааг нь мэднээ. Дахин дахин уучлаарай намайг!
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд та нарт сонордуулъя! Дарангуй төрийн эсрэг зэвсэглэн босох эрхийг ард түмэн хэзээд өөртөө хадгална гэдэг хүн төрөлхтний түгээмэл зарчмыг та нарын 9 дүгээр зүйлийг нь удаа дараа зөрчиж буй Хүний эрхийн тунхагийн 21.3 дугаар заалтын эхний өгүүлбэрт нь мөнхөлсөн байдгийг та мэдтүгэй! Тахлаар өнгөрсөн хүмүүс дуугарч чадахгүй ч, амьд үлдсэн нь ингэж дарлуулахгүй шүү! Энийг уншиж байгаа цагдаа тагнуулын туршуулууд эзэддээ миний энэ постыг уламжилна уу?! Үнэндээ цэрэг, цагдаа гагцхүү хуульд захирагдаж, олныхоо эрхийн манаанд зогсох ёстой. Харин эзнийхээ заасан хүнийг нохой мэт урж хаздаг бол цагдаа биш хиа, тахар гэвэл таарна биз! Хэрэв энэ улсад хууль гэж юмны оронцог ч болтугай үлдсэн бол энэ хүмүүсийг эрх чөлөөнд хууль бусаар халдах тушаал хэн өгснийг шалгаж, даруй арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг та нараас шаардаж байна! Эс бөгөөс та нарын хэний ч зөвшөөрлийг үл эрэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний эрхээ эдлэн Сүхбаатарын талбай дээр хугацаагүй суулт зарлах болно шүү! ("Даргаа таны эсрэг жагсаж болох уу?" гэж зөвшөөрөл авах ёстой хуулийг та нарын хоёр нүүртэй луйварчид л ичихгүй баталж чадна!) Та нар намайг баривчилж, хорьдог юм бол хорь! Бүр сайн хэрэг! Наад дарангуйлагч болох гэсэн мөчөөрхөлтэй чинь үл зохицох хөгийн аймхай мөн чанар чинь улам л нуухын аргагүй болж, баг чинь үтэр ховхорч унах болно" гэжээ.