МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Өнөөдрийн хурлаар МАН-ын даргыг томилох юм. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, өнөөдөр тангараг өргөх тул намын даргаасаа түдгэлзэж байгаа юм.
Бага хуралд оролцохоор намын гишүүд ирж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Удирдах зөвлөлөөс намын даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн гэх мэдээлэл байна. Үүнд хариулт өгөөч?
-Намын ээлжит Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх намын даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Уг саналыг Удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн. Энэ асуудлыг өнөөдөр Бага хурлаар хэлэлцэнэ.
-Таныг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилно гэх мэдээлэл байна?
-Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Тангараг өргөсний дараа анхны зарлигаараа шийддэг Тамгын газрын дарга болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргыг томилдог учиртай. Тэгэхээр энэ асуудал миний асуудал биш. Хэрвээ санал тавибал хүлээж авна.