Нийгэмд эерэг хандлага түгээхийг хүсдэг авьяаслаг нэгэн гэр бүлийг энд онцольё. Авьяаслаг хэмээн тодотгохын учир нь Н.Баттогтохын гэр бүл "Карантин-14" шоуны бүжгийн челленжид оролцсон нь олон хүнд эерэг хандлагыг түгээж чадсан билээ. Мөн түүний том хүү Б.Тэмүүлэн “Perfect dance” шоуны шүүгчдийг суудлаас нь өндөлзүүлж, үзэгчдийг гайхшралыг дээд цэгт нь тулгасан бяцхан оролцогч гэдгээр нь уншигч та бүхэн таних болов уу. “Урлагаар дамжуулан хүүхэд маш том хүмүүжил, боловсролыг олж авч байдаг учраас өөрөө ч хүүхдүүдээ ч урлагаар хөгжүүлэхийг хүсдэг” хэмээн ярих өрхийн тэргүүнийг урлагт хайртай нэгэн гэхээс өөр аргагүй. Н.Баттогтох Өмнөговь аймагт эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд аймгийнхаа “Алтан мазаалай” театрт бүжгийн багшаар ажилладаг аж. Барилгын эдийн засагч мэргэжилтэй боловч багаас дурлаж, сонирхсон бүжгийн урлагаа ажил, амьдралын нэгээхэн хэсэг болгоод есөн жил өнгөрсөн талаар тэрбээр ярьж байлаа. Н.Баттогтох “Хэдийгээр би тэс ондоо салбарын мэргэжлийг эзэмшсэн. Мэргэжлээрээ ажиллаж ч үзсэн. Гэхдээ хүн өөрийн дуртай зүйлээсээ таашаал авч, түүнийгээ хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал санагдсан. Тиймээс ч өнөөдрийг хүртэл бүжгээр дагнан ажиллах болсон доо” хэмээв.
Н.Баттогтох түүний гэргий М.Алтанзаяагийн удамд ч урлагийн хүмүүс их гэнэ. Тэд урлагтай ойр өссөний хувьд хоёул урлагийн сонирхол нэгтэй аж. Гэргий М.Алтанзаяа “Хүүхэд гэр бүлийн тусгал гэдэг. Бид хоёр өөрсдөө ч бүжигт сонирхолтой учраас хүүхдүүд маань бүжгийн урлагт илүү татагдаж, сонирхох болсон болов уу гэж боддог. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ урлагаар дамжуулан хүмүүжил, төлөвшлийг олж аваасай гэж хүсдэг. Бид гэр бүлээрээ урлагт хайртай. Урлаг гэдэг зүйл өөрөө хүнийг гоо зүй, ур чадвар, сэтгэл зүй гэх мэт бүх талаас нэгэн зэрэг хөгжүүлж өгдөг шүү дээ” хэмээв. Тэд хүүхдүүдээ дуу, хөгжим, бүжиг гэх мэт сонирхсон урлагийн төрлүүдээр нь хөгжүүлэхийг хүсдэг тухайгаа хэлж байв.
“Нийгэмд бага ч болтугай эерэг хандлага түгээж чадсандаа маш их баярласан”
Урлагт хайртай Н.Баттогтохын гэр бүл цахим бүжгийн челленж, уралдаануудад идэвхтэй оролцдог гэнэ. Тиймдээ ч "Карантин -14" шоуны бүжгийн челленжид оролцох саналыг анх өөрсдөө биш хүмүүс тэдэнд тавьсан аж. Тэд энэ талаар “Шинэ жилээр тогтоосон хөл хорионы үеэр аймгийн хэмжээнд “Бид нэг гэр бүл” цахим тэмцээн зарлагдсан юм. Анх тус тэмцээнд гэр бүлээрээ бүжиглэж, бичлэгээ байршуулж байсан юм. Түүнээс хойш дөрөвдүгээр сард "Карантин-14" шоуны бүжгийн челленж зарлагдсан талаар фэйсбүүкийн найзууд маань хэлж, гэр бүлээрээ оролцооч гэж их хэлж байсан. Олон нийтийн сүлжээнд бичлэгээ тавьснаас хойш төсөөлснөөс илүү хүнд хүрсэн. Гэр бүлээрээ хөл хорионы нөхцөлд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлж байгаад талархлаа гэх сэтгэгдлээр биднийг маш олон хүмүүс дэмжсэн. Манай гэр бүл ч их урам авсан. Анх гэр бүлээрээ бүжиглэж буй бичлэгээ байршуулах болоход хүмүүсийн хүлээж авах хандлагаас эмээж байсан. Гэхдээ зориглоод оролцсон доо” хэмээсэн юм. Ингэхдээ гэр бүлээрээ бүжиглэх санааг хүүхдүүд нь таатай хүлээн авахын сацуу "Олон хүн бидний бүжиглэж байгааг харна" гэхэд хоёр бага нь дэндүү их баярлаж байсан гэдгийг хэлж байлаа.
“Хүү маань дэлхийн хэмжээний бүжигчин болно гэж мөрөөддөг”
Н.Баттогтохын том хүү Б.Тэмүүлэн нэг хэсэг олон хүний хайрыг татсан. “Perfect dance” шоунд оролцож, ирээдүйд мэргэжлийн бүжигчин болох боломжтой гэдгээ батлаад авсан бяцхан хүү өнөөдөр тавдугаар ангийн сурагч болжээ. Анх тус шоунд оролцох болсон шийдвэр, хүүдээ захьсан гол зүйлийг асуухад Н.Баттогтох “Хүү бид хоёр зөвлөлдсөний эцэст авьяас чадвараа сорьж үзэхээр шийдсэн. Шоунд оролцож эхлэх үед хүүдээ “Миний хүү энэ том тэмцээнд өөрийгөө сориод үз. Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Чаддаг бүхнээ үзүүлж, өөрт маш том туршлагыг хуримтлуулж аваарай” гэж зөвлөж оруулж байсан гэсэн юм. Тэд хүүгээ ямар ч бүжгийн хөдөлгөөн бүрийг өөрийн болгохын хичээж, оролдлого ч сайтай гэдгийг онцолж байлаа. Ингэхдээ “Хүү маань бүжгийн урлагт маш их дуртай. Өөрөө ч энэ чиглэлээр мэргэжил эзэмшээд, дэлхийн хэмжээний бүжигчин болно гэж мөрөөддөг. Тиймээс хүүгээ хэрвээ өөрөө хүсвэл урлагийн чиглэлээр суралцахад нь татгалзахгүй гэж боддог. Хамгийн гол нь өөрийнх нь сонирхол шүү дээ. Хүүхдүүдийн маань хэн нь ч урлагийн мэргэжил эзэмшихийг хүсвэл аав, ээжийнх нь зүгээс дуу нэгтэй дэмжинэ л гэж боддог доо. Ер нь бүжгийн урлаг хүүхдийг багаас нь тэсвэр хатуужил, тууштай байдалд сургадаг. Хүүхэд өөрийн хийхийг хүссэн зүйлээ сурсныхаа дараа өөрөөрөө бахархах, түүнээсээ урам зориг авч чаддаг юм” гэж байсан юм. Тэд хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшилд урлаг чухал үүрэгтэй гэж үздэгээ нуусангүй.
“Үр хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг сонсож чаддаг эцэг, эх олон байгаасай”
-Хөл хорио, цар тахал танай гэр бүлд ямар өөрчлөлтийг дагуулав?
-Энгийн үед бид нэгэн хэвийн амьдралын хэв маягаа анзаардаггүй. Өдөр хоног үргэлжилж, хүүхдүүд маань хичээл номондоо, нөхөр бид хоёр ажил руугаа яараад л. Хөл хорионы үеэр үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг нэмэгдсэн. Тиймээс хүүхдүүдийнхээ хүсэж, сонирхож буй зүйлсийг нь хөгжүүлэхийг хүсэх болсон. Түүгээр ч үл барам хэн нэгнийхээ сэтгэл зүй, ааш зангаа ойлголцож байна. Хамтдаа өнгөрүүлэх цаг их гарч байгаад хүүхдүүд маань ч баярлах болсон.
-Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалд хамгийн чухал нь юу гэж хардаг вэ?
-Гэр бүлийн уур амьсгалд бие биетэйгээ харилцах харилцаа маш чухал. Тэр тусмаа бие биеээ хүндэлдэг, хайрладаг, шаардлагатай нөхцөлд сайн сонсогч, зөвлөгч байж чаддаг байгаасай гэж хүсдэг.
-Та хоёр маань бусад залуу эцэг, эхчүүдэд хандан юу хэлэх вэ?
-Эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ сонирхол, үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй гэж боддог. Тэрнээс биш өөрийн мөрөөдлөө хүүхдэдээ тулгах, үзэл бодлыг нь сонсохгүй байх нь зөрчлийг л бий болгоно шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ сонирхлыг илүү дэмжих хэрэгтэй болов уу. Бидний хамгийн үнэ цэнэтэй, эрхэм хүмүүс бол үр хүүхэд. Тиймээс тэднийхээ хүсэл мөрөөдлийг сонсож чаддаг эцэг, эх олон байгаасай гэж хүсдэг. Түүнчлэн цаг хугацаа бол хамгаас үнэтэй. Үнэтэй цаг хугацаагаа үр хүүхэддээ зориулдаг байгааай гэж бас хүч байгаагаа хэлье.
Ярилцсанд баярлалаа.