УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Цалин хөлс олголттой холбоотой долдугаар бүлэгт цалин олгоход ямар зарчим баримтлахыг тодорхой тусгасан. Гол зарчим бол бидний баталж байгаа хуулийн 102.1.1-д ижил үнэлэмжтэй ажил хийж байгаа ажилчдын цалин хөлсний хэмжээ адил байх зарчмыг тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд ижил төрлийн ажил хийж байгаа хүмүүст адил цалин олгож байгаа. Эрэгтэй, эмэгтэй адилхан ажил хийж байгаа нь хамаагүй. Ажил ижил үнэлэмжтэй байх ёстой. Сүүлийн таван жилийн хугацаанд нэг чухал зүйл бол ажлын үнэлэмжийг гаргаж байгаа юм. Жишээ нь хоёр жилийн өмнөөс эхлээд сувилагч нар янз янзын цалин авдаг болсон. Мэс заслын тасгийн сувилагч дотрын тасгийн сувилагчаас өндөр цалин авна. Учир нь ажил нь илүү хүнд. Бага сургуулийн болон цэцэрлэгийн багш нар дунд сургуулийн багш нараас өндөр цалин авна. Энэ зарчмаар цаашаа явна. Үүнийг хэрэгжүүлэхэд техник ажлууд шаардагдана. Өөрөөр хэлбэл ажил болгоны үнэлэмжийг тогтоох асуудал гарч байгаа юм. Үүнийг салбар салбараар нь хийж байгаа. Дараа дараагийн салбаруудын үнэмлэмжийг гаргах асуудлыг ХНХЯ-наас хийж байгаа" гэв.