УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрээн, Тяньжины боомтууд дээр хэдэн мянган контейнер бараа, бүтээгдэхүүн гацсан. Өргөн хэрэглээ, хүнсний бараа бүтээгдэхүүн, барилгын материалын үнэ нэмэгдэх эрсдэл үүсч байна. Энэ асуудлыг хэзээ шийдэх гэж байна вэ?
Асуултад ЗТХ-ын сайд Л.Халтар хариуллаа. Тэрбээр “Тяньжины боомт дээр чингэлгийн бөөгнөрөл үүссэн. Зургадугаар сарын 09-ны байдлаар 3162 чингэлэг байсан. Зургадугаар сарын 23 хүртэлх 15 хоногийн хугацаанд 1463 чингэлгийг ачуулсан. Тэр үед нэг өдөрт чингэлэг ачих ганцхан галт тэрэг явж байсан. 15 хоногийн хугацаанд нийт 27 буюу өдөрт хоёр чингэлэг ачих галт тэрэг Тяньжин боомтоос явуулдаг болсон. Бид БНХАУ-ын Төмөр замын төв компани, Тээврийн яам зэрэг Хятадын холбогдох бүх газартай холбоотой ажиллаж байна. Цаашид чингэлгийн галт тэргийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Хоосон чингэлгийг Хятад руу буцаахад хүндрэл үүсдэг. Иймээс Улаанбаатар төмөр замтай ярилцаад Улаанбаатараас Замын-Үүд, Эрээний чиглэлд хоосон чингэлгийг буцаах буухиа галт тэрэг аялуулж эхлэхээр чингэлгийн ачилтыг шуурхайлж байна. Замын-Үүд боомтын бөөгнөрөлийг БХЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг тэнд ажиллаж байгаа. Ойрын хугацаанд үр дүн гарах байх. Замын-Үүдэд халдварын тархалт их байгаа учраас Хятадын тал хүлээж авах машины тоог хязгаарлачихсан байгаа юм” гэлээ.