УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг эхнэрээ зодсон байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тодруулбал, энэ сарын 16-ний үүрийн 04.00 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст иргэн Б нөхөртөө зодууллаа гэх дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу шалгахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь эхнэр Б-гээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг шалгаж байгаа цагдаа нарыг мэдээлэл задруулсан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Албаны шалгалт хийгдэж байгаа. Гэхдээ хэн нэгэн өргөдөл гомдол гаргаснаар шалгаагүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан материал олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар гарсан. Нууцлал аюулгүй байдал хаана алдагдав гэдэгт албаны шалгалт хийгдэж байгаа. Ганцхан цагдаа гэхгүй холбогдох байгууллагууд ч бий. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад дотор нь авагдсан баримтууд нийтэд ил болоод байгаа. Тиймээс албаны шалгалт хийгдэхээс өөр аргагүй" гэлээ.
Сануулахад, Хорооны Засаг даргаар ахлуулсан хэд хэдэн байгууллага хамтран эхнэрийнх нь хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдалд нь аюулгүй зэргийн үнэлгээ хийсэн байдаг. Үнэлгээгээр эрсдэлийн үнэлгээ "ӨНДӨР" гэсэн дүгнэлт гарч, эхнэр Б-г нь түр хамгаалах байранд байрлуулах хүсэлт тавихад эхнэр нь хамгаалах байранд байрлахаас татгалзсан гэж эх сурвалж мэдээлж байсан билээ.