УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн бүхэн энэ амаргүй цаг үед хүртэх ёстой. Мэдээж коронагаар өвчилсөн энэ цаг үед Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт гаргах шаардлагатай гэдэгт санал нэг байна. Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна. Энэ мөнгийг жилийн эцэс гэхэд 0 хүртэл зарцуулсан байх ёстой гэж байна. Энэ үнэн. Гэхдээ 0 хүртэл зарцуулсан байх ёстой гээд зүгээр буруу замаар урсгалаар, ямар ч хяналтгүй байгаад гишүүд бухимдаад байна. УИХ-ын гишүүд өрхийн бүх эмнэлгээр явж байна. Нөхцөл байдал амаргүй байна. УИХ-аас бүх арга хэмжээг тултал авч байгааг та бүхэн мэдэж байгаа. УИХ-д орж ирсэн асуудлыг гишүүд маш хурдан шийдэж байгаа. Гэтэл шийдвэрүүд дунд шатандаа очоод гацах, буруу замаар ороод байна. Нэг хоногийн дотор нэг тэрбумийн тендер зарлаад явж байна. Дөрөв хоногийн дотор 3.6 тэрбумын тендер зарлагдаад явчихаад байна. Тэгээд хэлэхээр хугацаа байхгүй гэх юм. Ингэж болохгүй. Хяналтгүй зүйлийг л гишүүд хэлээд байна. Бүх зүйл зөв зарчмаараа явбал энэ олон хүн нас барж, коронагаар хүмүүс өвчлөөд байхгүй. Шуурхай ажиллахын тулд энэ хуулийг сунгах ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ өмнөх мөнгөний зарцуулалтаа тайлагнаад дараагийн санхүүжилт рүү ордог байх ёстой гэж хатуу хэлмээр байна. НББХ-нд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг сонслоо. Хариуцлагагүй зүйл маш их байна. Урсгалаар гараад байна. Л.Бямбасүрэн даргыг өөрөө ажлаа хийгээч гэж хэлсэн. Тэгэхгүй бол доогуур чинь дэд дарга тэргүүтэй хэсэг хүмүүс энэ мөнгийг өөрөөр урсгаад байгааг хүмүүс баримттай гаргаж тавиад байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭМДЕГ-т шалгалт хийх ажлын хэсэг гаргаж байгаа юм билээ. Энэ ажлын хэсэг шударга ажиллаасай. НББХ үүнд хяналт тавина. УИХ-ын гишүүд юмыг цуцлах юм уу, зөвшөөрөхгүй байгаадаа биш эндээс баталсан санхүү нь хүндээ хүрээч ээ, эрүүл мэндийн даатгал төлж байгаа хүн бүхэнд очоосой гэж яриад байгаа юм шүү. Гаргаж байгаа мөнгө огт эзэндээ хүрэхгүй байгаа учраас яриад байна. Тайлангаа тавь"
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Эрүүл мэндийн даатгалын газар бие дааж шийдвэр гаргаагүй. ЭМЯ-наас Эрүүл мэндийн сайдын гарын үсэгтэй бичиг ирээд үүний дагуу бид нэг удаа тендер зарласан. Түүнээс нэг хоногт хийсэн 1 тэрбумын тендер, 3 тэрбумын тендер гэсэн зүйл байхгүй. Үүнийг холбогдох газрууд нь шалгаасай гэж хүсэж байна" гэлээ.