Засгийн газраас УИХ-д өнгөрсөн долоо хоногт Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг өргөн барьсан.
Дээрх хуулийн үйлчлэх хугацаанд тендэргүйгээр худалдан авалт хийх, сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилох зэрэг заалтуудыг хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл Засгийн газраас хуулийн үйлчлэлийн сунгах хугацааг энэ оны арванхоёрдугаар сар хүртэл сунгах нэмэлт өөрчлөлтийг хийх хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Өнөөгийн нөхцөл байдалд иргэд нь ч дасаж байна, төр нь ч дасаж байна. Энэ бол коронавирусээс дутуугүй аюул гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл, ковидийн нэгдмэл удирдлагын хувьд бидний хамгийн болгоомжлох ёстой зүйл бол төр өөрөө дарангуйлагч болж болохгүй. Дарангуйлагч гэдэг нь хуулиас гадуур нэг даргын шийдвэрээр давамгай байдлыг бий болгож болохгүй. Үүнийг нь хуулиар хязгаарлаж байх ёстой. Гэтэл ковидийн хуулийн үйлчлэл нь Үндсэн хуулиас бусад бүх хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлчихээд байгаа юм. Энэ бол даамжруулж болохгүй асуудал. Үүнээс болоод төр, ард түмний итгэлцэл байхгүй болоод байна. Төр ямар ч шийдвэр гаргасан ард түмэн итгэхгүй байна. Энэ итгэлцлийг дахиад хүний эрхийг хязгаарлаж, төвлөрүүлж байгаад олж авна гэвэл уучлаарай, үгүй. Би тэгж бодохгүй байна. Иргэдийнхээ үндсэн эрхийг хамгаалж байж итгэлцлийг бэхжүүлнэ. Тийм учраас би энэ хуулийн долдугаар сарын 1-нээс үүргээ гүйцэтгээд дуусаж байгаа гэж үзэж байна. Ач холбогдлыг нь үгүйсгээгүй. Ард түмнийхээ хяналтаас гараад байгаа юм. Ковидийн хуулиар далимдуулаад сүүлдээ зарим салбарууд дээр дураараа бизнес хийж байна. Ковидийг зарим байдлаар авлига, албан тушаалаа ахиулах, баяжих сэдэл, дадалтай болж ирж байна. Бүгд биш, зарим дарга нар" гэв.