УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2020 оны есдүгээр сарын 18-нд өргөн барьсан. Тодруулбал, тус хуулийн тавдугаар зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ.
Тус хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.
Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болж, тус өдрүүдэд бүх нийтээр амардаг болох нь.
Хууль санаачлагчид энэ тухай тайлбарлахдаа "Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна.
Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг өдрийн нэг болоод байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, нийгмийн соён гэгээрлийн сайн сайхны төлөө “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан" гэсэн юм.
Монголчууд нийтээр тэмдэглэх баярын хүрээнд нэг жилд дунджаар 12-15 хоног амардаг билээ.
Тодруулбал,
- Шинэ жил: нэгдүгээр сарын 1,
- Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3,
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8,
- Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1,
- Бурхан багшийн Их дүйчин өдөр: зургадугаар сарын 5,
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15,
- Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арваннэгдүгээр сарын 26,
- Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1,
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арванхоёрдугаар сарын 29-нд тус, тус амардаг байна.