Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭТГЭЛЦЭЭН 2021: У.Хүрэлсүх сэтгэл хөдөлгөж, Д.Энхбат аргумент дэвшүүлж, С.Эрдэнэ “довтлох уу”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 16 секунд

Удтал хүлээгдсэн мэтгэлцээний тов гарч, энэ сарын 7-ны өдөр зохион байгуулахаар талууд тохирчээ. Анх 1960 оны үеэс АНУ-д мэтгэлцээнийг сонгуульд оруулж ирснээр олон чухал ололтыг бид хүртэж эхэлсэн. Залуухан Ж.Кеннеди илтгэх ур чадвар, зоримог шийдэмгий байдлаараа тухай үед Р.Никсон нэр дэвшигчээс ялгарч, улмаар ялалт байгуулсан түүхтэй. Мэтгэлцээнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 3 удаа, бусад улс орнуудад 5-6 удаа ч зохион байгуулдаг. Монголын тухайд Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг 1993 оноос хойш 7 удаа зохиосон.

МЭТГЭЛЦЭЭН 2021: У.Хүрэлсүх сэтгэл хөдөлгөж, Д.Энхбат аргумент дэвшүүлж, С.Эрдэнэ “довтолно”

Сурталчилгаа, хугацаа хоёр нь багадсан энэ сонгуулиар сонгогчид нэр дэвшигчдийн талаарх мэдээллээр ангаж, цангаж байна. Хөвөгч масс буюу хэнд санал өгөхөө шийдээгүй бүлгийн тоо өндөр байгааг судалгааны байгууллагууд нийтэд ил тод зарлав. Дотроо хагаралтай АН-ынхан хөвөгч массын тоо “толгойг” улам бүр өсгөн арвижуулсаар байна. Ийм үед халз мэтгэлцээн чухал үүрэг гүйцэтгэх болно. Форматын хувьд манайх халз мэтгэлцээн гэх нэртэй ч, цаг гүйлгээд асуулт асууж, хариулт авахаас цаашаа хэтэрдэггүй. Энэ удаа ч энэ жишиг давтагдах бололтой. "Асуултаа явуулаарай" гэсэн байна лээ.

Энэ жилийн мэтгэлцээний гол “өрсөлдөөн” У.Хүрэлсүх болон Д.Энхбат нарын хооронд өрнөж, С.Эрдэнэ “гал” өрдөгчийн дүрд “тоглох” болно. У.Хүрэлсүхийн хувьд дайчин, өөртөө итгэлтэй, олон нийтэд таалагдах зүйлсийг ярьдаг гэдгээрээ алдартай. Мөн огцом, цочир үгсээрээ дэмжигчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж, зүрхийг савлуулахдаа мэргэжлийн. Д.Энхбат илтгэл, лекц, семинар, форум гээд камерын өмнө болон тайзан дээр олон удаа гарсан хүн. Аливаа мэтгэлцээнд тодорхой аргумент гаргаж, бодлогын түвшинд асуудлыг цогцоор нь хөнддөг. Энэ нь мэдээж түүний системийн инженер мэргэжилтэй шууд холбоотой байх. Харин С.Эрдэнийн хувьд хурц ширүүн сөрөг хүчний байр суурийг илэрхийлж, нэг намын дарангуйлал хэмээн эрх баригчид рүү “довтлох” магадлал туйлын өндөртэй. Мөн нэр дэвшигчид өнгөөр “хуурах”, өмсөх хувцас, биеийн хэлэмж ч бас мэтгэлцээний үеэр тус тусын үүргийг гүйцэтгэнэ. Дахиад хэлэхэд энэ мэтгэлцээний үр дүнгээс сонгуулийн дүн ихээхэн хамаарах болно. Ялангуяа энэ удаагийн “чимээгүй” сонгуулиар мэтгэлцээн бол нэр дэвшигчдийг сонгогчид үзэж, хараад үнэлж, дүгнэх бараг цор ганц “том” боломж.

Ингээд өнгөрсөн хугацаанд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнүүдийн талаар товч өгүүлж, мэтгэлцээн сонгуулийн дүнд хэрхэн нөлөөлж байсныг эргэн сануулъя.

МЭТГЭЛЦЭЭН 1993: Л.Түдэв гуайн хэтэрхий “довтолсон” тактик сонгогчдыг өөрөөсөө түлхсэн

1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн сонгогчид болон дэвшигчдийн хувьд анхных байв. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, МҮАН, МСДН-аас П.Очирбат нар өрсөлдөж, П.Очирбат ялалт байгуулсан. Л.Түдэв нэр дэвшигч нэлээд шүүмжлэнгүй өнгө аястай. PR-н арга тактикаар бол довтлох байрлалаас мэтгэлцсэн нь тухайн үеийн сонгогчдын сэтгэхгүйд таалагдаагүй. П.Очирбат өнгөрсөн 3 жилд нь төрийн тэргүүний дүрээр ажилласан тул хамгаалах хувилбарыг тэр сонгосон. 1993 оны сонгуулийн дүнд хамгийн томоор нөлөөлсөн зүйл бол мэтгэлцээн байсан.

МЭТГЭЛЦЭЭН 1997: “Хээгүйгээс хийгүй нь дээр”

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс П.Очирбат, МАХН-аас Н.Багабанди нар өрсөлдөв. Завхан нутгийн хоёр эрхэм төрийн тэргүүний төлөө “тулсан” хэрэг. Санал бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг, аливаад нухацтай, сул үг багатай байдлаараа Н.Багабанди мэтгэлцээнд илүү оноо цуглуулсан. Түүний “Хээгүйгээс, хийгүй Ерөнхийлөгч байсан нь дээр” гэх үг, агуулга сонгогчдын санал бодлыг 360 градус өөрчилж өрсөлдөгчөө 3 дахин “нугалж”, нийтдээ 60 хувийн саналаар Ерөнхийлөгч болгоход дэм болов. П.Очирбатын хувьд намаа сольж сонгуульдсан нь түүнд хасах оноо болсон юм.

МЭТГЭЛЦЭЭН 2001: Хийгүй, чамбай Ерөнхийлөгч дахиад илүүрхэв

МАХН-аас Н.Багабанди, Ардчилсан намаас Р.Гончигдорж, ИЗН-аас Л.Дашням гэх гурван эрхэм өрсөлдсөн. Улс төрийн нөхцөл байдал АН-ынханы эсрэг байсан ч дөнгөж саяхан шинээр эвлэлдэн нэгдсэн АН-ынхан энэ сонгуульд ихээхэн итгэл тавьж байв. Түүхэндээ гурав дахь удаагаа өрнөсөн мэтгэлцээнд Н.Багабанди хамгаалах, үргэлжлүүлэх өнгө аястайгаар маш цэгцтэй хариултыг өгч, Р.Гончигдорж болон нөгөө өрсөлдөгч нь мэтгэлцээнээс төдийлөн “оноо” зулгааж чадаагүй. Улмаар Н.Багабанди 2 дахь удаагаа олонхийн санал авсан түүхтэй.

МЭТГЭЛЦЭЭН 2005: Б.Жаргалсайхан ярих чадвараа гайхуулсан ч, дараа нь рейтингээ “унагасан”

2005 оны сонгуулийн мэтгэлцээн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан, Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан нарын хооронд өрнөсөн. БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан мэтгэлцээнд амжилттай оролцож, зөв өнцгөөс АН болон МАХН-ын бодлогыг хамтад нь шүүмжлэв. Түүний довтлох” тактик баримталсан нь сонгогчдод таалагдсан. Гэвч дараа нь сонгуульд ажилсан ухуулагчдаа микрогоор хөөсөн алдаанаас болоод сонгогчдын дургүйг хүргэж 13 хувийн санал авсан байдаг.

МЭТГЭЛЦЭЭН 2009: Ц.Элбэгдоржийн ярих ур чадвар

2009 оны мэтгэлцээн МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж оролцсон. 2008 оны үйл явдлын дараа гэдэг утгаараа эв нэгдэл, байгалийн баялаг, шударга сонгууль зэрэг агуулгын дор өрнөсөн уг мэтгэлцээнд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж бага зэрэг давамгайлсан гэдэг. Нэгдүгээрт тэр өрсөлдөгчийнхөө алдаа дутагдлыг шүүмжлэх боломжтой довтлох “зам” дээр байсан. Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж тухайн үед хэд хэдэн лекц тавьчихсан. Олон жил улс төрийн индэрийн өмнө гарчихсан байсан тул ярих ур чадвараараа Н.Энхбаярыг хол орхиж байлаа.

МЭТГЭЛЦЭЭН 2013: Хэтэрхий сул мэтгэлцэгчид ба Ц.Элбэгдоржийн хамгаалах ТАКТИК

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ аварга, МАХН-аас Н.Удвал нар оролцсон. Н.Удвалын хувьд мэтгэлцээнд бэлдсэн нь цаг барилт, үг сонголт, “довтлох” байр суурь баримталж байсан зэргээс тодорхой харагдана. Харин Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд улс төрч болсон цагаасаа хойш, магадгүй амьдралдаа анх удаа ийм мэтгэлцээнд оролцож байгаа мэтээр сандарч, үгээ буруу сонгох болон асуусан сэдвээс хальж өөр зүйл яриах. Өөрийнхөө бодлогыг бус бодлыг хэлэх гэх мэт алдааг гаргаж байв. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр 4 жил ажилласан тул асуулт бүрт өөрийн хийсэн ажлуудаа “хавчуулах”, тайлагнах, хамгаалах, хийж буй ажил нь дуусаагүй байгаа шүү гэх зэрэг мессежийг өлгөж байв. Өрсөлдөгчид нь мэтгэлцээнд хэтэрхий сул байсан учраас мэтгэлцээний дараагаар Ц.Элбэгдорж нэр дэвшигчид хандах сонгогчдын итгэл нэмэгдсэн хэмээн дүгнэж болно. Өөрөөр хэлбэл ялгарсан.

МЭТГЭЛЦЭЭН 2017: М.Энхболдын бүтэлгүйтэл, Х.Баттулгын найруулсан “ХОР”

Хамгийн дуулиан шуугиантай мэтгэлцээн. Мэтгэлцээнээс шалтгаалж сонгогчдын бодол хэрхэн эргэж, бас баталгаажиж болдогын тод жишээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд мэтгэлцэхдээ алдаа бага гаргасан ч түүнээс асуусан асуултууд сөргөөр нөлөөлөв. Хэтэрхий “нялуун” асуулт асуусан нь үнэндээ оролцогчоо ч, үзэгчдээ ч эвгүй байдалд оруулсан. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд газар шороо, эх орон зэрэг үндсэн сэдвээ ярьж, олны өмнө илтгэж сурсан ёсоороо сонгогчдыг нэлээд татав. Харин Х.Баттулгын хувьд урдаас бэлтгэсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйцээр маш тайван, инээмсэглэсэн байдлаар асуултуудад энгийнээр хариулсан. Өөрөөр хэлбэл С.Ганбаатар угаасаа МАН руу “довтлох” тактикаар мэтгэлцэж, өнгөрсөн бүхэнд тэднийг буруутгаж байсан бол Х.Баттулга нам дуугаар, өөрийнхөө барьж буй бодлогоо л илэрхийлж алдарт ширүүн харц, сөөнгө захирангуй хоолойгоо жинхэнэ аядуу зөөлнөөр солив. Мэтгэлцээний дараагаар М.Энхболд нэр дэвшигчийн мэтгэлцээнд зориулан бэлтгэл базааж буй бичлэг задарч хөвөгч массыг бүрэн эсрэг эргүүлсэн. Хэдийгээр хөдлөшгүй баримтаар нотолж чадахгүй ч мэтгэлцээн гэх "мэхэнд" М.Энхболд унасан хэрэг. Ийнхүү мэтгэлцээн бүхэлдээ сөргөөр нөлөөлж М.Энхболдод дургүйцэх хандлагыг нийгэмд тултал нь бий болгосон. Энэ бол мэтгэлцээн сонгуульд хэрхэн нөлөөлдгийг харуулсан сонгодог жишээ.

Дахин нэг зүйлийг сануулахад Х.Баттулга уг мэтгэлцээнийг эхнээс нь дуустал “найруулсан” гэх яриа байдаг. Баттай биш ч гэсэн мэтгэлцээний үеийн М.Энхболдыг тэнэг байдалд оруулсан, дараа нь задарсан бичлэг зэрэг нь яалтчгүй ийм хардлагыг нийгэмд үүсгэх нь ойлгомжтой.

Г.Лхагвадорж

СОНГУУЛЬ: Халдварын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэдийн саналыг энэ сарын 8-нд авна
СОНГУУЛЬ: Халдварын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэдийн саналыг энэ сарын 8-нд авна
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.