Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарч байна.
УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулан Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Үүнтэй холбогдуулан иргэд Бурхан багшийн Их дүйчин өдрийг хэрхэн өнгөрүүлэх болоод энэ өдрийн ач холбогдлын талаар иргэдийн үзэл бодлыг тодрууллаа. Иргэдийн зүгээс хоёр талын байр суурьтай байсан бөгөөд нэг тал нь энэ өдрийг буян хурааж өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн бол нөгөө талаар хөл хорионы үеэр олон хоног гэртээ байсан иргэд ажлын өдрөөр ажлаа хийх нь зөв гэсэн байр суурьтай байв.
СБД-ийн иргэн Г.Амар: "Шүтлэгтэй байх нь зөв л дөө. Гэхдээ шүтлэгтэй байлаа гээд ажлын нэг өдрийг амралтын өдөр болгох нь дэмий байх. Ажлаа хиймээр байна шүү дээ. Улс, эх орны эдийн засаг хүнд байгаа нөхцөлд ажлын өдөр ажлаа хийх нь зөв" гэв.
СБД-ийн иргэн С.Довдон: "Ажлын өдөр ажлаа л хиймээр байгаа юм. Хөл хориогоор өчнөөн хоног гэртээ байсан байж дахиад ажлын өдөр амармааргүй л байна" гэв. Дээрх иргэдийн зүгээс энэ өдөр бүх нийтээр амрах талаар эсэргүүцсэн байртай суурьтай байлаа.
Харин зарим иргэдийн зүгээс энэ өдрийг буян хурааж өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм. Тухайлбал, СХД-ийн иргэн Б.Оюунтуяа: "Энэ өдөр гэртээ буян үйлдээд, цагаан хоол идээд өнгөрөөдөг. Бурхан багшийн Их дүйчин өдрөөр аав, ээж, хань ижлийнхээ хойноос ном уншуулдаг. Амрахад болохгүй зүйл байхгүй шүү дээ. Харин энэ амралтын өдрөөр буян л сайн хураах хэрэгтэй" гэв.
Мөн иргэдийн шашин шүтлэгийн хэлбэр харилцан адилгүй учир хоёр талын байр суурийг хүндэтгэх хүмүүс байв. Тухайлбал, БЗД-ийн иргэн Б. Уранцэцэг: "Манай гэр бүлийн хувьд зул хүжээ өргөөд, цагаан хоолоо идээд гэртээ өнжинө. Гэхдээ бүх нийтийн амралт болгох нь дэмий болов уу. Хувь хувьдаа буянаа үйлдээд энэ өдрийг тэмдэглэх эсэх нь хувь хүний сонголт шүү дээ" гэв.
ХУД-ийн иргэн Б.Ууганцэцэг: "Би ямар нэгэн шашин шүтдэггүй, харин манай ээжийн хувьд сүсэг бишрэлтэй. Тийм учраас ээж мань энэ өдрийг зул өргөх, буян хураах зэргээр өнгөрүүлдэг бол миний хувьд ямар нэгэн ач холбогдолгүй байдаг. Бүх нийтээр амрах нь буруу байх. Надтай адил сүсэг бишрэлгүй хүмүүс энэ өдрийг бүх нийтээр амрах өдөр байлгах нь зөв зүйл гэж харахгүй байгаа байх" гэв.