Маргааш болох бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан Гандантэгчэнлин хийдийн лам нар мод тарих аянд нэгджээ.
Нийслэл хотоос гадна бусад орон нутгуудад мод тарьж байгаа бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 108 жимсний мод тарилаа. Жил бүр эх дэлхийгээ хамгаалан нөхөн сэргээх үүднээс хийдийн лам нар жилд хоёр удаа мод тарьдаг байна. Гандантэгчэнлин хийдийн лам нарын зүгээс суулгасан модоо орхих бус, эргэж тойрон арчлах нь чухал болохыг иргэдэд сануулж байв.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, "Жил бүр мод тарих аянд ард түмэн олноор нэгдэх болжээ. Мод тарих бол нэг насны буян хураах өлзийтэй үйл хэрэг тул хүн бүхэн нэгдээрэй хэмээн уриалж байна. Маргааш болох Бурхан багшийн Их дүйчэн өдөр ард олноороо 10 хар нүглийг тэвчиж, буян хураах нь өлзийтэй сайн" хэмээсэн юм.