Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Одхүү: Хүү минь хүчтэй эм ууж байгаа болохоор дотор эрхтэнүүдэд нь өөрчлөлт орж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 57 секунд

О.Галт-Очир хүүд туслах ”Амьдрал бэлэглэх 10,000 төгрөг” аян эхлээд байна. Тэрбээр дөрөвхөн насандаа Монголд маш ховор, хор төлжилгүйдлийн цус багадалт хэмээх хүнд өвчнөөр өвчлөөд байгаа юм. Хэдийгээр түүний өвчнийг Монголд эмчлэх боломжгүй ч гадаадад хагалгаанд орох боломжтой аж. Гэвч эмчилгээний зардалд 300 сая төгрөг хэрэгтэй байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд хандивын аян өрнүүлж, өөрт байгаа зүйлсээ зарсаар 70 сая төгрөг цугларчээ. Бид бяцхан хүүгээ аврахыг хичээж буй ганц бие аав Б.Одхүүтэй холбогдож хүүгийн биеийн байдал болоод хандивын аян хэр өрнөж байгаа тухай ярилцлаа.

-Таны эхлүүлж буй хандивын аяны тухай сонссон. Хүүгийн биеийн байдал хэр байна вэ?

-Хүүгийн маань биеийн байдал хүндхэн байна. Хүчтэй эм ууж байгаа тул дотор эрхтэнүүдэд нь өөрчлөлт орж байгаа гэсэн. Бие дээр нь янз бүрийн хөхрөлт, улаан толбо үүссэн. Хүчтэй хөдөлж болохгүй болохоор хэвтэрийн дэглэмд байгаа. Ширүүхэн хөдөлгөөн хийхэд хамраас нь цус гарч, биеийнх нь хэсгүүдэд хөхрөлт үүсдэг.

-Хэвтэрийн дэглэмд ороод хэр удаж байгаа вэ?

-2020 оны наймдугаар сараас эхлээд хэвтэрийн дэглэмд орсон. Жаахан хүүхэд болохоор өөрөө ч мэдэхгүй үе үе ширүүн хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр л хамраас нь цус гараад тогтдоггүй. Хэцүү байдалтай байна даа.

-Ховор тохиолддог өвчнийг хүү туссан гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ өвчин Монголд тун цөөхөн байдаг юм билээ. Анх 2020 наймдугаар сард хүүгийн минь царай цонхийгоод элэг хэвлий хэсгээр нь хатгуулж өвдөөд байсан. Тэгэхээр нь Эх нялхас дээр очоод үзүүлээд шинжилгээ өгсөн. Хариу нь гараад яаралтай хэвтэх хэрэгтэй гэсэн. Нарийн шинжилгээ өгөхийн тулд хүү минь гурван удаа бүтэн биеийн наркозонд орсон. Удалгүй хор төлжилгүйдлийн цус багадалт (Апластическая анемия) гэдэг өвчин туссан болохыг мэдсэн. Түүнээс хойш дархлаа дарангуйлах эм ууж эхэлсэн юм. Цус бүлэгнүүлдэг эсийг нь зүгээр болгохын тулд заасал ясны чөмөг солиулах шаардлагатай. Ийм төрлийн хагалгааг манай улсад хийдэггүй ч гадаадад хийх боломжтой гэсэн. Тиймээс эмчилгээний зардал болох 300 сая төгрөгийг цуглуулж, ард иргэдээсээ тусламж гуйж байна.

-Бүрэн эдгэрэх боломжтой юу. Хэр хүнд хагалгаа вэ. Мэдсэн үү?

-Эдгэрэх магадлал 90 хувь гэсэн хариу хүлээж аваад байна. Хагалгааны хувьд маш сайн. Гэхдээ гам барих шаардлагатай хүндхэн хагалгаа болно гэсэн.

-Хүүхдээ асрахын хажуугаар ажиллаж байгаа юу?

-Тийм ээ. Интермед эмнэлгийн туслах компанид сантехникийн мэргэжилтнээр ажилладаг. Бидэнд одоо хийгдэж байгаа эмчилгээний мөнгө ч хэрэгтэй тул ажлаа зогсоож чадахгүй байгаа. 24 цаг гараад 48 цаг амарч ажилладаг. Намайг ажилтай байх үед эмээ нь хардаг.

-Амьдрал бэлэглэх 10,000 төгрөг аян-ыг санаачилж эхлүүлээд хэр удсан бэ. Нийт хэдэн төгрөг цугларсан байна вэ?

-2020 оны есдүгээр сарын дундуур хандивын аян эхлүүлж байсан. Энэ хугацаанд аргаа бараад зөндөө газарт хандсан даа. Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүд гээд хандаагүй газар байхгүй. Захиа бичиж илгээж, хүсэлт явуулсан нэгээс нь ч хариу ирдэггүй юм билээ. Өмнө нь аян санаачилж байсан ч хүмүүс мэдэхгүй байсан болохоор найз маань Амьдрал бэлэглэх 10,000 төгрөг аян гэдэг нэр өгч аянаа үргэлжлүүлсэн. Нэр өгсөн чинь хандив өгөх хүмүүс нэмэгдэж өчигдөр гэхэд 30 сая орчим төгрөг цугларсан байсан. Үүнээс өмнө 70 сая төгрөг байсан тул нийлээд 100 сая гаруй төгрөгийн хандив боссон байгаа.

-Хүүгийн эмчилгээнд 300 сая төгрөг хэрэгтэй гэсэн шүү дээ. Онгоцны зардал, байрлах газрын төлбөр энэ мөнгөн дүнд орсон уу?

-Хүүгийн зөвхөн эмчилгээнд ашиглагдах төлбөр нь 300 сая төгрөг болж байна. Хагалгааны дараа маш их гам барих эмчилгээ хийх шаардлагатай ч түүний зардлыг тооцоогүй байгаа. Эхний ээлжинд хүүгийнхээ эмчилгээний зардлыг ч болов олоод яаралтай эмчлүүлэхгүй бол өдөр ирэх тусам бие нь муудаж байна.

-Таны эхлүүлсэн аян олон хүнд хүрч байгаа харагдсан. Хүүгийн ээж энэ тухай мэдээд холбоо барьсан уу?

-Хүүгийн ээж холбоо бариагүй ээ. Хүү дээрээ хааяа ирдэг байсан ч одоо холбогдохгүй байгаа. Өвчин туссан цагаас нь хойш ирээгүй ээ. Тэр хүнд буруу өгч гомдоод яах билээ. Эхний ээлжинд хүүгээ л эрүүр саруул болгохын тулд хичээж явна.

-Та хүүгийнхээ тухай илүү их хэлж өгөөч. Өвдөхөөсөө өмнө ямархуу хүүхэд байсан бэ?

-Миний хүү чинь өвдөхөөсөө өмнө их сэргэлэн цовоо, яриа хүүхэд байсан. Хөдөлгөөнтэй, дуулж бүжиглэх дуртай. Харин өвдсөн цагаасаа хойш нөгөө яриа хүүхэд ярьж чадахгүй болсон. Дуулж бүжиглэх тухайд яриад ч хэрэггүй. Байнга хөдөлгөөнгүй хэвтээд байхаар өөртөө итгэлгүй болж байгаа нь харагдаг. Миний хүү яг цэцэрлэгт явахынхаа өмнө оношлогдоод цэцэрлэгтээ ч явж чадаагүй. Хүү минь эмчлэгдээд ирвэл цэцэрлэгтээ яваад хөөрхөн байна байхдаа гэж боддог. Их нүүрэмгий хүүхэд байсан ч одоо хүнээс амархан бишүүрхдэг.

-Хүүдээ биеийн байдлынх нь тухай хэлж өгсөн үү?

-Хүүдээ хэлээгүй ээ. Миний хүү хамаагүй хөдөлж болохгүй шүү гэдэг. Хамарнаас нь цус гарахаар хүү маань өөрөө их айдаг. Хөөрхий амьтан зүү хатгуулахаас маш их айна. Долоо хоногт нэг удаа эмнэлэгт шинжилгээ өгдөг. Эмнэлэгт очно, шинжилгээ өгнө гэхээр үгүй, явахгүй гээд их уйлдаг. Хүүгээ тийм байхыг харахаар их өрөвдөх юм.

-Уншигчдад маань хандаж хэлэх зүйл бий юу?

-Хүү минь эдгэрэх цаг ирэхээр ард түмэндээ бид даван тууллаа гэдгээ харуулна гэж боддог. Та бүхний хандив бяцхан хүүд минь маш их тус болох юм шүү. Их бага гэлтгүй хүн бүр 10,000 төгрөг хийхэд л хүү минь босоод ирнэ. Монголынхоо сайхан сэтгэлт хүмүүстээ үнэхээр их баярлаж байгаа шүү.

Хандивын данс:

Аав Б.Одхүү 468023649 Худалдаа хөгжлийн банк

Эмээ Д.Чимгээ 5925033983 Хаан банк

Утас: 88191211, 91778181

Шөнийн сурвалжилга:
Шөнийн сурвалжилга: "Ээжээ хамгаалах байр руу барбигаа аваад явж болох уу"
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.