Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнийн сурвалжилга: “Ээжээ хамгаалах байр руу барбигаа аваад явж болох уу“

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
7 минут 51 секунд

Хатуу хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн талаар албаны хүмүүс мэдээлж байсан. Хэдийгээр хөл хорио суларч, иргэд энгийн амьдралдаа шилжиж байгаа ч баар кафе ажиллахгүй, хоолны газар ресторанууд 00.00 цагаас хойш үйлчлэхгүй байгаа нь сайн талтай ч нөгөө талаасаа ахуйн хүрээний архидалтыг улам даамжруулж буй. Ахуйн хүрээний архидалд нэмэгдсэнээр гэр бүлийн хүчирхийлэл мөн нэмэгдэж байна. Тиймээс бид БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран шөнийн сурвалжилга бэлтгэлээ.

Бид Улиастайн эцэст байрлах БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст 22.30 цагт очлоо. Биднийг очоод удаа ч үгүй байтал тус дүүргийн 23 дугаар хорооны иргэнээс "Аав нь согтчихоод гэртээ агсам тавьж, хүүхдээ зодоод байна" гэх дуудлага ирэв. Дуудлагын дагуу Гэр бүл хүчирхийллийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч, хошууч Ж.Цогбаяр, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Х.Эрдэнэтулга болон эргүүлийн цагдаа нарын хамт дуудлага өгсөн айл руу явлаа. Биднийг очиход 55 орчим насны эмэгтэй үүдээ тайлан "Би дуудлага өгсөн юм. Манай нөхөр архи ууж, агсам тавиад охиноо хоолойг багалзуурдсан. Азаар сая унтаад өглөө" гэсэн мэдээлэл өгөв.

-ТӨРСӨН ЭЦГИЙНХЭЭ ЭСРЭГ ЯАЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨХ БИЛЭЭ ДЭЭ-

Улмаар гэр рүү ортол шалаар хөглөрөх гэрийн унь, архины шил, тамхины хайрцаг, хэцэн дээр тохсон хүүхдийн өлгий, өмд, хувцас, хүүхдийн тэрэг болон архины эхүүн үнэр биднийг угтлаа. Хойморь хэсэгт нэгэн эр унтаж байв. Энэхүү дүр зургийг харвал нялх хүүхэд амьдардаг айлд тэрбээр нэлээн агсарч байгаад унтсан нь илт байв. Цагдаагийн албан хаагчид унтаж байсан эрийг сэрээн болсон явдлын талаар асуухад "Би юу болсныг мэдэхгүй байна" хэмээн толгой сэгсрэв. Харин хажуу гэрт байсан хүчирхийлэлд өртсөн 30 орчим насны эмэгтэйгээс болсон явдлыг тодруулахад "Аав маань согтуу ирээд бидэнд агсам тавин хоёр нялх хүүхдийг маань айлгаад миний хоолойг боосон. Төрсөн эцэг маань болохоор яаж аавынхаа эсрэг мэдүүлэг өгч чадах билээ дээ. Энэ газраас л бушуухан холдмоор байна. Намайг хүүхдүүдтэй минь хамт хамгаалах байранд аваачаад өгөөч" хэмээн шөнийн эргүүлийн багийнхнаас хүсэж байв. Түүний хүзүү орчмын хэсэг улайж, зарим газраа хөхөрсөн, айсан байдалтай байсан юм.

Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэл бага гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Гэсэн хэдий ч хоёр нялх хүүхэдтэй, ганц бие эмэгтэйн хамгаалах байранд очих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв. Харин хүчирхийлэл үйлдсэн гэх аавыг нь цагдаагийн байр руу авч явсан бөгөөд байцаалт мэдүүлгийн дараа хуулийн арга хэмжээ авна гэдгээ цагдаагийн албан хаагч мэдэгдлээ.

Ийнхүү цагдаагийн хэлтсийн байранд ирээд хоногийн нөхцөл байдалтай танилцаж суутал 00.00 цагийн орчим тус дүүргийн 12-р хороо, Ботаник орчимд "Нэгэн эр гудамжинд эхнэрээ зодоод байна" гэх дуудлага ирэв. Дуудлагын дагуу очтол 14 настай эрэгтэй, 6 настай эмэгтэй хоёр хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн 45 орчим настай эмэгтэйтэй гурвуулахнаа гэртээ байлаа. Тухайн эмэгтэй нь нэлээн согтчихсон юу болж байгаа ч мэдэх сөхөөгүй унтаж байв. Харин аав, ээж нь эзгүй, гадагшаа гарсан. Тун удахгүй орж ирнэ гэдгийг 14 настай хүү хэлсэн юм. Удсан ч үгүй хүчирхийлэлд өртсөн бололтой эмэгтэй орж ирэн болсон явдлын талаар тайлбарлав.

-АМИА ЕГҮҮТГЭХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙСАН-

Тэрбээр, "Би удаан уулзаагүй найзтайгаа уулзаад жаахан юм уугаад байж байтал нөхөр маань бас согтуу орж ирээд намайг зодоод байхаар нь би гудамжруу гараад гүйчихсэн юм. Нөхөр араас гарч ирээд чирж гулдчаад, үснээс зулгааж байхыг гудманд явж байсан хэсэг залуус хараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би нөхрөөсөө нуугдаж гудманд зогсож байгаад сая орж ирлээ. Нөхөр хаачсаныг мэдэхгүй" гэв. Хошууч Ж.Цогбаяр нөхцөл байдалтай танилцан эрсдэлийн үнэлгээг хийхээр хэд хэдэн асуулт асуулаа,

-Хүчирхийлэл үйлдэгч галт зэвсэг, хутга, зэвсгийн чанартай бусад зүйлсийг хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлдэг эсэх буюу хутга, шөвөг барин заналхийлдэг үү?

-Тийм.

-Хэзээ, хаана?

-Хэдэн сарын өмнө, ер нь байнга "ална, хядна" гэдэг.

-Хохирогч, хамаарал бүхий этгээд гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа егүүтгэх сэдэл төрж байсан эсхүл оролдлого хийж байсан эсэх?

-Хийж байсан.

Дээрх асуултуудын аль нэгэнд "тийм" гэж хариулсан тохиолдолд аюулгүйн зэргийн үнэлгээ өндөр байгаа нь тогтоогддог байна. Хохирогч эмэгтэй хоёр асуултад "тийм" гэж хариулсан учир эрсдэл өндөр байгаа нь батлагдаж, хохирогчийн хүүхдүүдийн хамт хамгаалах байранд хүргэхээр боллоо. "Аюулгүйн зэргийн үнэлгээ өндөр байгаа учраас таныг хоёр хүүхдийн хамт хамгаалах байранд хүргэх болно. Ойр зуурын юмнуудаа бэлдээд одоо хэдүүлээ явцгаая" гэхэд хохирогч эмэгтэй хүүхдүүдийн хамт гадуур хувцсаа өмсөн, хэрэгтэй зүйлсээ бэлтгэлээ.

-ЭЭЖЭЭ БАРБИГАА АВААД ЯВЖ БОЛОХ УУ-

Хохирогч эмэгтэй оо, сойз, нүүр гарын алчуур зэргээ цүнхлэх зуур зургаан настай охин ээжээсээ "Ээжээ хамгаалах байр руу барбигаа аваад явж болох уу" гэж асууж байгаа нь дуулдав. Хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллийн сөрөг нөлөөнд шууд болон шууд бус байдлаар хамгийн ихээр өртдөг болохыг охины асуулт бататгав.

Хохирогчдыг хамгаалах байранд хүргэхээр алба хаагчид хөдөлсөн бөгөөд сурвалжлах баг энэ удаагийн сурвалжилгаа энд хүргээд дуусгалаа. Оройн 10.45 цагаас эхлэн шөнийн 02.30 цаг хүртэл бид ердөө хоёр айлын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага дээр очиж ажиллав. Гэтэл цаана нь нэгэн зэрэг гурваас дөрвөн дуудлага бүртгэгдсэн хэмээн хэлтсээс мэдээлж байв.

Дуудлага бүрийн байршил дээр алба хаагчид аль болох түргэн шуурхай хүрдэг боловч дуудлага өгсөн айлын хаяг буюу оршин суугаа гудамж, хашааны тоот тэмдэглэгээ байхгүй, үүнээс үүдэн хаягийг тодруулахаар дуудлага өгсөн иргэн рүү холбогдох гэхээр утсаа авахгүй, эсвэл унтраасан байдаг нь цаг алдахад хүргэдэг байна.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.