Улсын Онцгой комисс хуралдаж, цаг үеийн асуудлаар шийдвэр гаргалаа.
Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Хот хоорондын замын хөдөлгөөнийгн гуравдугаар сарын 3-ны 06.00 цагт нээхээр шийдвэрлэв. Гэхдээ энэхүү шийдвэр нь анхаарлаа сулруулж байгаа хэрэг огтоос биш. Иргэд шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас тавьж буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй.
Эрхүү, Улаан-Үүдийн нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл цуцлах шийдвэр гаргалаа. Тус шийдвэрийг гаргаснаар эрсдэлтэй бүсээс ирэх хүний тоо буурна гэж үзсэн" гэв.
Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлнэ. БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар боллоо.
Сөүл дэх Элчин сайдын яамны мэдээлснээс үзвэл агаарын тээврийн “МИАТ”, “КАЛ”, “Асиана”, “Эйр Пусан” компанид захиалга өгсөн 6200 иргэн ойрын өдрүүдэд эх орондоо ирэх хүсэлтэй байна. 500 орчим хүн нислэг сэргээсний дараа Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхээр захиалгаа өгчээ. Нислэг нь цуцлагдсан учир БНСУ, Японд байсан монгол иргэдийн ихэнх нь Москва хотоор дамжин буцсан байна.