Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МАН-ыг тараах тухай үндэслэлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдэд танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалыг хүлээлгэн өгөх гэж байсан. Гэвч тус шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул Дээд шүүхийн шүүгчид цуглах боломжгүй гэсэн тайлбарыг ЕТГ-т хүргүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тайлбарлалаа.
Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгааг бүгд мэдэж байгаа. Нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлье. Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан. Үүний хүрээнд өчигдөр иргэддээ хандаж илгээлт хүргүүлсэн.
Өнөөдөр Улсын дээд шүүхэд Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж, холбогдох нотлох баримт бичгийн материалуудыг хүргүүлэх ёстой байсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас Дээд шүүхийн бүрэлдэхүүн цуглах боломжгүй болсон. Захирамж болон илгээлтийн талаарх бичиг баримтаа цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бичиг хэргээр хүргүүлж байгаа.
ЕТГ-ын вэб сайтад энэхүү бичгүүдээ оруулах болно. Ерөнхийлөгч Улсын дээд шүүхэд очно гэсэн нь тус шүүхийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх зүйл биш. Энэ бол захиргааны үйл явц юм. Хөл хорионы хугацаа дуусахаар Ерөнхийлөгч хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлах уулзалтыг Улсын дээд шүүхэд очиж хийх болно. Нотлох баримтын хувьд 200 гаруй хуудастай бичиг бүрдсэн” гэлээ.