Ц.Тувааны "үүсгэн" байгуулсан АН-аас гадны лобби компанитай 50 мянган ам.долларын өртөгтэй, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буюу 4 дүгээр сарын 19-нөөс 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал байгуулсан нэгэн гэрээ сошиалд дэлгэгдэж ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Уг гэрээний талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүн чуулганы үеэр Ц.Туваан гишүүнээс асуухад "АН-д 50 мянга байтугай 50 ам.доллар ч байхгүй. Тийм зүйл байхгүй" хэмээн хариулсан юм.
Гэхдээ гэрээ байгуулсан DCI group AZ. LLC гэх АНУ-ын компани нь Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын АН-д зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ гэрээ байгуулсны төлөө 50 мянган ам.доллар, хэвлэлүүдийг 100 мянган ам.доллараар "худалдаж" авахаар гэрээнд тусгаж, талууд гарын үсэг зурсан баримт байна. Мөн бас нэг зүйлийг анхааруулахад 50 мянган ам.доллар бол иймэрхүү төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьд зөвхөн гэрээ байгуулсны хөлс төдий байдаг аж. Өөрөөр хэлбэл, тухайн компани шаардлагатай тохиолдолд, нэмэлт ажлууд гүйцэтгэвэл үүн дээрээ дахин их хэмжээний мөнгө нэхэмжилж авдаг юм байна. Тиймээс 50, 60, 100, 200 мянга ам.доллар гээд гүйцэтгэсэн ажил тус бүрийнхээ үнэлгээг тухай бүрт нь тооцож ажлын 5-10 хоногт багтаан нэхэмжилдэг аж. Тэгэхээр энэ гэрээ хэрвээ үнэн бол үнийн дүн нь зөвхөн 150 мянган ам.доллараа ч зогсохгүй үнэлгээтэй болж болох гэнэ.
Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь тэргүүтэй АН-ын маш олон гишүүд уг гэрээг буруушааж сошиал сүлжээнд шүүмжилж л байна. Хэрвээ О.Цогтгэрэл, Ц.Туваан нь энэ гэрээг хийсэн нь батлагдвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчих юм. Энэ зөрчил тогтоогдвол сонгуульд оролцохгүй байх, цаашлаад нам нь татан буугдах /Дээд шүүх бүртгээд авсан тохиолдолд/ зэрэг эрслдүүд үүснэ гэдгийг олон хуульчид хэлж байна.
Мөн энд бас нэг маш ноцтой нэг зүйл байгаа нь тэдний Ардчилсан намын нэр хүндийг PR-дуулж өсгөх гээд байгаа компани нь Мьянмарын цуст бослого, мөргөлдөөнд зөвлөх үйлчилгээ үзүүлж, PR үйлчилгээ үзүүлж байсан компани аж. Өөрөөр хэлбэл ард түмнийг нь, төрийнх нь эсрэг. Төрийг нь ард иргэдийнхээ эсрэг буу шагайлгасан тэр аймшигт бослого үймээнд их бага хэмжээгээр сайн муу талд нь оролцсон компаниар АН зөвлүүлэх бололтой.
Хэрвээ. энэ үнэн бол бидний ирээдүйг чухам юу хүлээж байна вэ. Ардчилсан намын хүнд өсч сонгуульд ялалт байгуулах нь битгий хэл Монголын Ардчилал нуран унах эрсдэлтэй. Цагаан дээр хараар Ц.Туваан гэх гэрээн дээр О.Цогтгэрэл гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан баримт сошиалд хөврөөд байна. Хэдий дээр гишүүд тийм гэрээ байгуулаагүй гэж байгаа ч үүнийгээ Ардчилсан намын гишүүд дэмжигчид болон ард түмэнд нэн яаралтай тайлбарлаж, албан ёсны хариулт өгөхийг шаардаж байна. Хэрвээ сонгуулийн өмнөх өрсөлдөгч нарынх нь захиалгат зүйл бол маш яаралтай арга хэмжээ авч олон нийтийн эргэлзээг тайлах хэрэгтэй.
Л.Баяр