Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2020.02.19) хуралдаан 57.9 хувийн гишүүдийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний” талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанд Улсын онцгой комиссын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Мөн тэрбээр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 30 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яаманд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжүүлэг, зөвлөмж хэвлүүлэх зардалд 4.3 тэрбум төгрөг, Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1.2 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
БНХАУ-тай хиллэх хилийн авто замын боомтоор тээврийн хэрэгсэл болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийсэн, Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хааж, БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд авто замын Булган-Такашикэн, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр улсын хил нэвтрүүлсэн энэ хугацаанд БНХАУ-аас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монгол Улсын хилээр 6606 тээврийн хэрэгсэл, 17108 зорчигч нэвтрүүлсэн бөгөөд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй гэж байлаа.
БНХАУ-ын Хубэй мужийн зэргэлдээ орших Хунань мужид шувууны томуугийн (H5N1) вирусийн халдварын дэгдэлт бүртгэгдсэнтэй холбоотойгоор 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Монгол Улсын хилээр шувууны мах, өндөг, тэжээл оруулахыг хориглосон.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хязгаар зөрчсөн 46, цахим тоглоомын газар ажиллуулсан 21, автомат тоглоом ажиллуулсан 2, нийт 75 зөрчлийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч ажилласан.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан стандартын дагуу Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрүүдэд амны хаалтыг оёулах захиалга өгч 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 9000 ширхэгийг үйлдвэрлээд байна гэж байлаа.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 8 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах” журмын дагуу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэлийн үнэлгээг дөрвөн удаа хийснийг онцлоод энэ үнэлгээгээр манай улсад эл халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгааг тодотгов.
Хуралдаан үргэлжлэн АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцэн, тогтоолын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Хуралдааны төгсгөлд Гадаад харилцааны яамны 2019 оны тайланг сонссон бөгөөд энэ талаар салбарын сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.