Египетийн хойд нутгийн Тух хотын ойролцоо ням гарагт зорчигч тээврийн галт тэрэг осолдсоны улмаас 11 хүн амиа алдаж, 98 хүн гэмтжээ.
Осол орон нутгийн цагаар ням гаргийн 13:54 цагийн орчимд гарсан бөгөөд галт тэрэгний дөрвөн вагон замаасаа гарсан байна. Одоогийн байдлаар гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэхээр 50 гаруй түргэний тэрэг илгээжээ. "Нийслэл Каир хотоос Мансура хотын чиглэлийн галт тэрэг осолдсон шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэж Египетийн Төмөр замын удирдах газар мэдэгджээ.
Египетэд сүүлийн сар хүрэхгүйн хугацаанд галт тэрэгний гурван томоохон осол гарчээ. Өнгөрсөн сард өмнөд нутгийн Сохаг мужид хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 32 хүн амиа алдаж, 165 хүн гэмтжээ.