Хууль, өмгөөлөгч Б.Гүнбилэг өчигдөр сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн "Улаан бал"-д болж "улаан хамгаалагч"-ийн үүрэг гүйцэтгэв. Гэхдээ М.Энхболдын биш Ерөнхийлөгч Х.Баттулгын "ИТГЭМЖИЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧ"-ийн хувиар. Хууль зүйн тайлбарын хувьд түүний өнцөг хамгийн бодитой байх магадлалтай. Гэхдээ "манаачид" яах бол...?
Харин Б.Гүнбилэг яагаад гэнэт Ерөнхийлөгчийн "улаан хамгаалагч" болов гэх асуулт урган гарна. Саяхан хоёр талд "байлдаж" байсан Х.Баттулга, М.Энхболд нар талдаа гарчихав уу даа гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлж эхэллээ. Олон хүн надтай адил гайхаж байгаа байх. Саяхан л хэзээ ч эвлэхгүй мэтээр аашилж, Хятад, Монголоороо дуудалцаж ялж, ялагдсан хоёр. Намын залуустай нь хүч хавсарч ширээ сандалаас нь татан унагах хууль хүртэл бичиж байсан хоёр өнөөдөр яагаад нийлэх болов. Мэдээж хариулт нь тодорхой. Улс төрд мөнхийн дайсан, үүрдийн нөхөр гэж байхгүй. Буланд шахуулсан талууд хүчээ нэгтгэдэг хуультай.
ЗАМ НЭГ БАЙСАН НЬ
Олон нийт Х.Баттулга, М.Энхболд гэдэг хоёр хүнийг ойр, дотно байсныг төдийлөн мэддэггүй. Мэддэг улс төрийн хүрээнийхэн нь хүртэл мартах тийшээ хандсан бололтой. Улс төрийн хүрээнийхэний яриагаар бол мань хоёр маш эртнээс хачин зузаан явсан цаг бий. Энэ хэрээр эргээд нийлэх ЗАЙ бас байгаа гэсэн үг.
Тэдний эртний холбоог "гагнаж" явсан хүн бол МАН-ыг хөшигний араас залдаг байсан Т.Бадамжунайг гэлцдэг. Женко "Дон Жунай"-г хотын ерөнхий менежер байхад холливуд тэргүүтэй бизнесээ сүндэрүүсэн. Мөн М.Энхболдыг хотод "хаан" байхад алдарт сити таксигаа оруулж ирж байлаа гээд нэг нэгнээ бизнест хачин ихээр дэмжиж ирсэн намтар хөвөрдөг.
Улс төрд ч гэсэн эхэндээ бие биенээ дэмжиж, бас хамгаалж ирсэн түүхтэй. 2012 онд АН олуулаа болж засгаа байгуулахад ХХААХҮ-ийн сайд байсан Т.Бадажунайгийн оронд Х.Баттулгыг томилуулахаар "Дон Жунай", Миеэ хоёр тухайн үеийн эрхтэн дархтан, эрх ашиг нэгтэн Ц.Элбэгдоржтой уулзаж дэмжлэг аваад зүтгүүлсэн гэдэг. 2012-2016 онд АН засаглаж байх үедээ бараг баасан гараг бүр л МАН, МАХН-ын нэг хүнийг барьж шалгадаг, аавынд явуулдаг зуршилтай байсан. Гэхдээ энэ бүхэн "Жунайг" тойроод л байсан нь сонин. Х.Баттулгыг намдаа нөлөөтэй байх үед Т.Бадамжунай, М.Энхболд нараар АН-ынхан лав оролдоогүй юм даг.
Нөгөө талдаа 2013 оны сонгуульд МАН ялагдаад М.Энхболд намаа авахад бас л Х.Баттулгын зуучлалаар Ц.Элбэгдорж дэмжлэг үзүүлсэн гэж МАН-ынхан тухайн үед ярьж байсан. Тийм ч учраас МАН-ын архагууд манай намын бодлогыг МАНАН, Ц.Элбэгдорж тодорхойлоод байна гэж гомдолсон хэрэг. Тухайн үедээ Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдэг хоёр найз харилцаа эвдрээгүй, нэгнийхээ үгийг хачин их сонсож явсан цаг. Одоо л муудчихсан болохоос биш.
Ер нь тухайн үеийн бодлогыг Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж гэдэг эрхмүүд хоёр талаас баздаг. "Жунай" нь МАН-ын бодлогыг бүрэн тодорхойлдог. Ямартаа л "...Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон”, “... МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч бол Т.Бадамжунай” гэх яриа үлгэр домог мэтээр улс төрийн хүрээнийхэн дунд яригддаг үе байлаа. Ямар сайндаа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилоход нэр бүхий УИХ-ын гишүүд Т.Бадамжунайтай буудлын өрөөнд уулзаад томилгоогоо тогтсон гэдэг. Үүнд нь дургүйцсэн Ц.Нямдорж хүртэл намын бага хурал болж байхад "Бид энд хурал нтр хийх хэрэг байна уу. Хажуу талын зочид буудалд Бадамжунай гэдэг хүн хоёр өрөө авчихсан. Хүмүүсийг дуудаж уулзаад намын бодлогыг тодорхойлоод байна. Бид энд гар хөргөж хурал хийх хэрэг байна уу" гэж хоржоонтой үгээрээ егөөдсөн юм гэнэ лээ.
2016 оны хавар Х.Баттулгад төмөр зам, аж үйлдвэр парк тэргүүтэй баахан хэрэг үүсчихсэн Баянголд нь хуулийнхан шалгалт хийгээд Аса тэргүүтэй, жүдочид хүртэл төрийнхөө эсрэг өрөлт авч байв.
Хүмүүсийн бариад шалгаад эхэлчихсэн, зарим нэг нь гадагшаа зугтчихсан интерполоор хайгдчихсан бараг юу юугүй "дээлээ нөмрөх" дээрээ тулж байсан Женког бас л хамгаалж байсан хүн нь М.Энхболд байсан. Үүнийг хожим нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2018 оны 12 сард хуралдсан намын хурлынхаа үеэр ил цагаан задалж байв. Тэрбээр "...Х.Баттулга гэдэг хүний яг үнэндээ та л өөрөө Бадамжунайг Сингапур руу авч ирж, өөрөө ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд, өөрөө захиалж нэр дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шдээ Энхболд дарга аа..." гэсэн.
Үүнийг С.Баяр хүртэл "Жар хоног жарны бутархай" номондоо өгүүлж М.Энхболд өөрөө Х.Баттулгатай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр захиалсан. Манайх өрсөлдөгчөө захиалахаараа дандаа ялагддаг гэсэн утга агуулгыг сийрүүлж үлдээж байлаа.
ЗАМ САЛСАН НЬ
Эрх ашиг, албан тушаалаар нэгдэж биеэсээ хамгаалж ирсэн Х.Баттулга, М.Энхболд, Т.Бадамжунай нар арга буюу зам салав. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн процессыг эргээд бодоход Х.Баттулга нь "Миеэ"-гээ намнасан гэхээс илүү У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ынхан өөрсдөө бүдүүн даргаа "тонгорсон". Хотын фракцийн хүч дийлдэхээ байсан, хазайсан дээр нь түлхэж унагахаар бэлдэж байсан далд фракц нь ажиллаж намаас нэр дэвшсэн М.Энхболдыгоо унагасан. Эргээд бодоход цагаан сарын золголт, мэтгэлцээний бэлтгэл, мэтгэлцээний үеийн "хорлолт", эрлийз морь уралдуулахгүй гээд бүхий л бичлэг, хорлолтуудыг МАН дотроосоо хийсэн. Мэдээж өрсөлдөгч нь бүдэрч л байвал Х.Баттулга алгаа ташаад суух нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл 2017 оны сонгуулийн үеэр Х.Баттулга, М.Энхболд хоёр муудалцсан гэхээс илүүтэй МАН-ынхан сөрөг ажиллаж, намаа авсан юм.
Ингээд сонгуулийн дараа хуучин нөхөд уулзахад ойлголцох аргагүй хэрүүл гарчихсан. Ж.Эрдэнэбат, Т.Бадамжунай тэргүүтнүүд шинэ Ерөнхийлөгчөө гомдоосоор байв. Үүнд нь дөрөөлөөд хуулийн "хонгил"-ыг гартаа авч эхлээд байсан Х.Баттулга "хонгилоо ажиллуулж" Т.Бадамжунайд хэрэг үүсгэсэн ч МАН бултуулж чадсан. Тухайн үеийн МАН-ын эрх мэдэлтэн, ҮАБЗ-ийн нэг гишүүний тусламжтайгаар Т.Бадамжунай 2018 оны 12 сард МАН-д яг "галав юүлж" байхтай зэрэгцэн УАЗ-469 машинд суугаад Эрээнээр хил давсан гэдэг. Тэр цагаас хойш Сингапур, Макаогаар амьдарч байгаа сураг дуулдан лээ. Ингээд 2020 оны 1 дүгээр сард М.Энхболд суудлаасаа бууж МАН-ын шинэ хүч асуудлыг бүрэн гартаа авсан түүхтэй.
ЗАМ НИЙЛЭХ НЬ...
Энэ цагаас хойш боломжтой цагийг хүлээж буй М.Энхболдын талынхан дараалан ялалт байгуулаад буй намын дарга талынхантай шууд тэрсэж чадахгүй л яваа. Товчоор бол сонгуульд ялагдсан цагт хариуцлага нэхсэн дүрээр эргэн гарч ирж намдаа "галав юүлнэ". Угаасаа улс төрд эрх мэдлээ алдах цагт авах цаг эргээд ирдэг зүй тогтол үйлчилдэг.
Тийм ч учраас Х.Баттулга, М.Энхболд хоёрын холбоо эргээд нийлчихсэн бололтой. Угаасаа энэ цаг бол ёстой л хувьсгалын тохироо. Үүний нэг илрэл нь Б.Гүнбилэг хуульч Х.Баттулга Ерөнхийлөгчид гэнэт гарч ирээд туслаад эхэллээ. Б.Гүнбилэг бол тэмээнээс тэмдэгтэй М.Энхболдын хүн. УИХ-ын дарга байхад нь Улс төрийн бодлогын зөвлөх бөгөөд Ажлын албаны ахлагчаар тус тус ажиллаж байсан. Эндээс харахад Х.Баттулгыг АН-аас нэр дэвшүүлэх эрхийг авахын тулд Цэц дээр М.Энхболд ажлаад эхэлсэн бололтой. Үнэндээ Б.Гүнбилэг Үндсэн хуулийн эрх зүйгээрээ Монголдоо дээгүүрт тооцогдох хуульч. Өчигдөр ч үүнийгээ харуулж итгэл төрүүлэхүйц баримт, нотолгоогоор Ерөнхийлөгчийг дахиад дэвших боломжтой гэдгийг тайлбарлаж байна лээ. Ковидоо дийлэхгүй байгаа МАН сонгуульд ялагдвал эрх баригчид заавал "сэлгээ" хийнэ.
Эцэст нь хэлэхэд өчигдрийн Б.Гүнбилэг хуульчийн хэлсэн шиг энэ бүх таамаг яг таг тодорхойгүй. Өнөөдөртөө би нотолж чадахгүй ч ирээдүйд өрнөх улс төр хариулт өгнө гэж найдаж байна. Ер нь л зам нийлэх нь...
Г.Лхагвадорж