Манай улс гадаадад амьдарч буй иргэдээ татан авсаар байна. Тухайлбал, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тухайн иргэдийг "Кемпински", "Туушин", "Новотел", "Зүчи", "Тэмүжин" зочид буудлуудад тусгаарлахаар төлөвлөжээ.
Энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2000 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөөд буй. Хуваарийн дагуу маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирэх юм. Мөн энэ сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэнээ татан авна.
УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр, өчигдрийн байдлаар 99 тусгаарлах байранд 4739 иргэн ажиглалтад байна. Үүнээс нийслэлд 31 тусгаарлан ажиглах байранд 2567 иргэн, орон нутагт 68 тусгаарлан ажиглах байранд 2172 иргэн байгаа юм. Харин хөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй, хуваарийн дагуу гадаадаас иргэдээ татан авна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.