Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудал барих бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 9-нд эхлүүллээ. Энэ ажлыг “Биг Монголиа билдинг” ХХК 2021-2022 онд хийж гүйцэтгэх юм. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төрийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ Дадал сумын нисэх буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг 2016 оноос хийж эхэлсэн.
Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж, “Дэлүүн болдог” нисэх онгоцны буудал барих хөрөнгийг өнгөрсөн онд шийдэж улмаар 2020 оны намар бүтээн байгуулалтыг эхлүүлэх байсан ч цар тахлын улмаас хойшлоод байв. Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо урьдынхаас нэмэгдэх хандлагатайг тооцоолж Хэнтий аймгийн Дадал сум дахь нисэх буудлын шинэ бүтээн байгуулалтыг ийнхүү эхлүүлснийг ИНЕГ-аас мэдээлжээ.