Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал багийнх нь гишүүд халдвар авсан байж болзошгүй байдалд байгаа тухай цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр, “Миний тухай биш ирээдүйн шигшээ багт тоглох дүү нарынхаа төлөө дуугарч, ийм юм бичээд байгаа юм шүү. Би бол багийн ахлагч хүн, тамирчдынхаа үзэл бодлыг хэлж байх ёстой. Тэднийг хамгаалах үүрэгтэй хүн гэж боддог. Миний хэлсэн үг бүхэн баримт нотолгоотой учраас амныхаа зоргоор ярьж байна гэж бүү бодоорой. Зөвхөн хувцас ярьж бухимдаагүй билээ бид. Биднийг доромжилдог биш дэмждэг Хэрүүл хийдэг биш Бодлого ярьдаг ГЕНСЕК хэрэгтэй.
Дахиад нэг зүйл хэлмээр санагдлаа. Хөл Бөмбөгийн Холбоо биднийг Монголд ирсэн даруйд Төв аймагт байрлах шигшээ багийн бэлтгэлийн баазад тусгаарлалтад авч, улсаас 7 хоног тусгаарлахаар болсныг сонсоод удахгүй гэртээ харих юм байна даа гээд их л баяртай байлаа. Сар гаран эрсдэлтэй газруудаар яваад ирсэн биднийг өөр хүнгүйгээр, зөвхөн багаараа байрлана гэж байсан ч бидэн дээр багийн бус хоёр хүн нэмэгдсэн. Гай болж нөгөө хоёр хүнийх нь нэгээс яг сүүлийн өдөр ЭЕРЭГ гэсэн хариу гарч багаараа дахиад 7 хоног сунгаж, эрсдэлд орлоо.
Тажикстантай тоглоход холбооноос 3 албаны хүн ирж Японы тоглолт дуустал бидэнтэй хамт явсан. Тэр хүмүүс харин бидэнтэй хамт тусгаарлалтад байгаагүй. Генсек Тэрбаатарын шийдвэрээр тэр гурав хотод өөр газар тусгаарлагдсан юм билээ. Ингээд бидний тусгаарлагдсан байранд орон тоо гарч, 2 эрсдэлтэй хүн ороод ирсэн нь тэр. Эрсдэлтэй нь ч нотлогдож шинжилгээний хариу нь эерэг гарсан. Яаж ийм амин хувиа хичээсэн байдаг байнаа. 30 гаран хүмүүс олон хоног ковидын эрсдэлийг тоохгүйгээр эх орныхоо төлөө яваад ирсэн. Энэ хүмүүсийн ард ар гэр, үр хүүхэд нь бүгд санаа сэтгэлээ зовоогоод л үлдсэн. Гэтэл ганц хүний өөрийгөө бодсон шийдвэрээс болоод эцсийн цэгт эрүүл мэндээрээ хохирох шахлаа. Ингэмээргүй байнаа. Одоо ч бид ажиглалтанд байна.
Ямар нэгэн эрсдэл гарвал Тэрбаатар та яаж хариуцлага хүлээх вэ? Ашгүй энэ хэд хожигдлоо, хариуцлага тооцно, эх орноосоо урвасан нөхдүүд гэхийнхээ оронд хувиа хичээсэн зангаа хаяад тамирчидтайгаа хамт тусгаарлагдсан бол ийм эрсдэл гарахгүй байлаа. Эрхэм ТЭРБААТАР та яагаад тэр олон хүмүүсийг эрсдэлд оруулсанаа хэлж өгнө үү? Цар тахлын хорио цээр дууссан үед холбоонд албан бичгээр хандах болно. Тэр үед холбооны удирдлагууд, зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгч Ганбаатар таныг үнэн зөв, шудрага шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ.