Хоёр буюу түүнээс дээш АН-ын гишүүнийг нэг дор байлгаж хэрхэвч болохгүй. Бөөн хэрүүл....
Би яг үнэндээ АН-ыг ойлгодоггүй юм. АН-ын гишүүд ямар нэг байршилд нэгээс дээш тоотой болоод ирэхээрээ л хоорондоо таардаггүй. Бараг АН-ын хоёр гишүүн байвал хоорондоо шууд л муудалцаад эхэлнэ. Би энд зогсоно, чи тэнд зогслоо гээд "зодолдоод" байх нь туйлын хачирхалтай. Хоёр буюу түүнээс дээш АН-ын гишүүнийг нэг газар байлгаж хэрхэвч болохгүй. Бөөн хэрүүл....
Энэ ардчиллынхан их сонин. 1990 оны жагсаал цуглаанаасаа хойш бодлогын түвшинд бараг л нэгдэж нийлээгүй. Эрх мэдэлд хүрсэн үедээ бүр илүү ширүүн "зодолдоно". 1996 онд эвсэл болж ялалт байгуулаад өөрсдөөрөө ч, төрөөрөө ч тоглоод дөрвөн жилийг барсан. 2004 онд бас л эвсэл байгуулаад чамлахааргүй олон суудал УИХ-д авсан ч бас л хоорондоо таарч тохирохгүй Засгийн газраа тавиад туучихсан. 2012 онд арай гэж олуулаа болсон ч Н.Алтанхуягийнхаа засгийг дахиад АН-ынхан дотроосоо унагасан.
Одоо бүр эрх мэдэлгүй хэрнээ дотроо таарч тохирохоо болив. Хоёр сонгууль дараалж том ялагдал амслаа. Гудамжинд байсан ч муудалцдаг боллоо. Аймаар сонин нь хоорондоо муудалцаад байгаагаа АН-ынхан "энэ бол жинхэнэ ардчилал" гэж манийгаа мунхруулна. Яг нарийн харвал үхсэнийх нь ардчилал. Зүгээр л эрх мэдлийн төлөөх бүлэг хүмүүсийн эцэс төгсгөлгүй эрх мэдлийн "зодоон".
11-хэн хүнтэй АН-ын бүлэг 2 хуваагдаж гэнэ ээ, яахнав дээ...
Хамгийн инээдтэй нь 11-хэн гишүүнтэй АН-ын "жижиг" бүлэг нь хоорондоо талцаад хоёр салчихаж гэнэ ээ. Яахнав дээ, та хэд маань. МАН шиг 62-уулаа байсан бол өнөөдөр Монгол дуусаа. МАН-д сөрөг хүчин бол гээд 11 хүнийг нь ард түмэн сонгосон чинь хоорондоо сөрөг хүчин болж тоглоод байх юм. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар АН-ын бүлгийн 11 гишүүн Ц.Тувааны АН, С.Эрдэнийн АН гэдгээрээ хуваагдчихаж. Ц.Тувааны АН-д нь А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нар багтаж байгаа аж. Тэгвэл нөгөө талд нь буюу С.Эрдэнийн АН-д нь Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар байгаа гэнэ. Нээрээ ч энэ хоёр Ардчилсан намын үйл ажиллагаа болгон дээр гишүүд нь сүүлийн үед хуваагдаж очиж дэмжиж байна лээ.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон Ц.Тувааны гэж нэрлэгдээд буй яг үнэндээ Х.Баттулга Ерөнхийлөгчийн АН-ын хийсэн ээлжит бус их хуралд А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен нар очиж, хурлын тэргүүлэгчид гээд "найрын ширээний" хойморт заларсан. Энэ хэд бол МоҮХ гаралтай болон одоогийн Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн гэгддэг хүмүүс. Тэр ч утгаараа О.Цогтгэрэлийг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Ц.Тувааны АН-ын дарга болсон гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд чих дэлсэж байгаа. Хоёр хоногийн өмнөх М.Тулгатад тамгыг нь гардуулсан үйл ажиллагаа С.Эрдэнэ зохион байгуулагдахад Б.Пүрэвдорж гишүүн лав тууж явна лээ.
Ерөнхийлөгчийн талыг хамгийн түрүүнд дэмжих Д.Ганбат гишүүн яагаад "бултав"
Тэгвэл тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг С.Эрдэнийн АН дотор нэг сонирхолтой нөхөр "цохиж" яваа нь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат. Улс төрийн жаахан сонирхдог сонирхогчид бүгд Д.Ганбат бол Баянхонгороос нэр дэвшсэн, Ерөнхийлөгчийн хүн. Яагаад ч нөгөө талд нь орохгүй гэж маргаж магадгүй. Тэгвэл улс төрийн хүрээнийхэн бүлгийн дарга Д.Ганбат болон Ерөнхийлөгч хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Түүнтэй холбоотой зарим асуудлыг Ерөнхийлөгч хөндөөд байгаа гэх агуулгыг хэлж байгаа. Нээрээ ч эргээд бодох нь ээ, Д.Ганбат аль ч талд нүүр алдахгүй яваа. Угтаа бол Ц.Тувааны АН-ыг тултал дэмжих ёстой хүн. Баянхонгорын хоёрын хооронд ямар нэг асуудал үүссэн үү гэдэг сонирхолтой.
Ардчилсан намд хайрдаа биш АРДЧИЛАЛД хайртаадаа монголчууд та бүхэнд найдлага тавьсан
С.Эрдэнийн АН-ын талд Д.Ганбат гишүүнийг эс тооцвол угаасаа байх ёстой нөхдүүд л хуваарилагдаж. Гарын хүн гэгддэг С.Одонтуяа гишүүн болон найз Д.Бат-Эрдэнэ гишүүн. Дээр нь нэмээд экс Ерөнхийлөгчийн ойрын хүн гэгддэг Б.Пүрэвдорж гишүүн М.Тулгатыг дэмжиж байна.
Ерөнхийдөө энэ намыг сүүлийн хоёр Ерөнхийлөгч нь хоёр хуваачихсан. Одоо яригдаад байгаа Ц.Тувааны АН-ын ард одоогийн Ерөнхийлөгч, С.Эрдэнийн АН-ын ард Ц.Элбэгдорж байгаа гэдэг улс төрийн хар зургийг улс төрийн хүрээнийхэн өчнөөн олон удаа зурлаа. Энэ нь ч үнэний ортой.
Гол нь арван хэдүүлэхнээ байж хоорондоо таарч тохирч чадахгүй, эцэс сүүлдээ 2 хэсэг болж хуваагдсан бүлэгтэй АН хүчтэй сөрөг хүчин болж чадах уу. Ард түмэнд хүчтэй сөрөг хүчин хэрэгтэйдээ л АН-ынхан та нарын царайг харж, алив нэг сэргэчихгүй юм байхдаа, учраа олоод энэ улсын төлөө эрх баригчдын эсрэг үнэн бодитой шүүмжийг хэлээд өгөөсэй гэж харж, хүлээж байна. Түүнээс биш Д.Ганбатад, эсвэл Ц.Туваанд хайртайдаа АН-ынхан учраа олчихгүй юм байхдаа гэж хүлээгээгүй юм.
Товчоор хэлбэл Ардчилсан намд хайрдаа биш АРДЧИЛАЛД хайртаадаа монголчууд та бүхэнд найдлага тавьсан төдий шүү дээ.