Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс “Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансанд мэдээллийн дүн шинжилгээ хийх” төслийг хэвлэл мэдээлийн зургаан байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд сэтгүүлчид нээлттэй өгөгдлийг боловсруулах ур чадварт суралцангаа төрийн өмчит уул уурхайн компаниудын Шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийв.
Уул уурхайн салбарт ТӨК-уудын үүрэг, нөлөө онцгой их байгаа өнөөгийн нөхцөлд ил тод байдлыг хангаснаар тэдний засаглал, ашигт ажиллагаа нэмэгдэх суурь бүрдэх юм. Энэ чиглэлээрх тодорхой нэг алхам нь 2014 онд батлагдан, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн, төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм. Дэлхий дахинаа анхдагч туршлага болж долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй энэ хуулийн хүрээнд нийтийн хөрөнгийн удирдлагад ард түмний хяналтыг бодитой тогтоох боломжийг бий болгож чадсан.
Өдөр тутамд www.shilendans.gov.mn сайтад маш их тоон мэдээлэл нээлттэй болж байна. Гагцхүү, хуулийн хэрэгжилт бүрэн гүйцэт байдал, ил болсон мэдээллийн ашиглалт олгогдсон боломжтойгоо харьцуулбал тун хангалтгүй байгаа нь төсөл хэрэгжих хугацаанд тодорхой болж ирсэн юм.
Шилэн дансны нэгдсэн системд 417 төрийн өмчит аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Эдгээрээс 12 нь төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компани байна. Тэдэнд 2015 оноос хууль хэрэгжиж эхэлсэн ч 2018 оныг дуустал хуулиар хүлээсэн үүргээ тун хангалтгүй хэрэгжүүлжээ. 2018 онд “Багануур” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шилэн дансанд мэдээлэл оруулжээ. Харин 2019 оноос ихэнх компани Шилэн дансыг идэвхтэй хөтөлж эхэлсэн төдийгүй 2020 онд санхүүгийн ил тод байдлын хувьд харьцангуй сайн үр дүнгүүд харуулсан байна.
Шилэн дансыг хууль, журмын дагуу хөтөлж, ил тод байдлыг харьцангуй сайн хангаж байгаа компаниуд /”Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Тавантолгой”/ байгааг сайшаан тэмдэглэх ёстой. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд компанийн вэб сайтад “Эрдэнэс Тавантолгой шилэн компани” цэс үүсгэж, үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой өргөн хүрээний мэдээллийг нээлттэй болгосон нь онцлог байна. Харин шилэн данс хөтөлбөл зохих орон нутгийн өмчит хувьцаат компаниуд болох “Тавантолгой” ХК, “Могойн гол” ХК, “Баянтээг” ХК нь Шилэн дансны цэсэнд бүртгэл нээлгэсэн ч огт хөтлөөгүй нь хууль хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байна.
Шилэн данс хөтөлсөн төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хувьд тайлагнал харилцан адилгүй, өөр өөр түвшинд байна. Үүнд нөлөөлж буй нэг том хүчин зүйл нь хуулийн тодорхой бус заалтууд. Өргөн цар хүрээтэй эл асуудлын дэлгэрэнгүй задлан шинжлэл болон гаргасан зөвлөмжийг “Төрийн өмчит уул уурхайн компаниудын “шинэ эгэл”-ийг судлахуйд” тайлангаас хүлээн авах боломжтой. Энэ удаад шилэн дансны хуулийг хэрэгжүүлснээрээ сайн үлгэр жишээ хэмээн тооцож болохуйц “Монголросцветмет” ТӨҮГ-ын нээлттэй өгөгдөлд оруулсан мэдээллээс танилцуулж байна.
Олон чиглэлт олборлогч компани
“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд байгуулагдсан Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж юм. Үйлдвэрийн газар нь хайлуур жонш, төмрийн хүдэр, алтны олборлолт, баяжуулалт; хайрга, дайрга, элс үйлдвэрлэл, геологи хайгуулын ажлын чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг. Албан ёсны цахим хуудсандаа бичсэнээр нийт 1300 гаруй хүнийг ажлын байраар хангадаг тус үйлдвэр жилд 320-400 мянган тонн төмрийн, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэж, 2.0 сая тонн алт агуулсан элс угаадаг аж.
Үйлдвэрийн харьяанд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүд багтдаг. Харин охин компаниуд нь Шилэн данс хөтөлдөггүй.
Тус компани сүүлийн хоёр жилд 337 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Үүнээс зардал, татварыг хасаж тооцсон цэвэр ашиг нь 71 тэрбум төгрөг болжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК-ийн хувьд бол энэ нь хоёр улиралд л хийх ашиг. Гэсэн ч ихэнх төрийн өмчит компанийг бодвол Монгол Улсад асар их орлого оруулдаг компани юм. Сүүлийн хоёр жилд тус компани 19 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулж найман тэрбум төгрөгийн ногдол ашиг төрд хуваарилсан байна. Ялангуяа хямрал, бэрхшээлтэй 2020 онд улсад төлсөн татвар, ногдол ашгийн хэмжээ өмнөх оноосоо хоёр дахин өссөн байгаа нь онцлууштай. Мөн шилэн дансанд тайлагнасан хоёр жилд төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн нь энэ.
Төлж буй татварын мөнгийг нь мөшгөж нягтлахад Хэнтий, Төв, Булган аймаг болон Нийслэлийн татварын хэлтсүүдтэй харилцсан байна. Өөрөөр хэлбэл, олон төрлийн бүтээгдэхүүн олборлож үйлдвэрлэж, Монгол орон даяар явуулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд эдгээр аймаг, орон нутагт шууд хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Нэгэн зүйлийг цохон тэмдэглэхэд, Монголын уул уурхайн томоохон компаниуд нэг төрлийн бүтээгдэхүүнээр дагнах эсвэл нэг ордын эрдсүүдийг хамтад нь олборлодог бол “Монголросцветмет” нь олон өөр ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, түүнийгээ охин компаниудаараа дамжуулан ашиглаж олон талбарт зэрэг ажиллаж байгаагаар нь засаглалын хэлбэрийн хувьд үндэстэн дамнасан олборлогч компаниудтай адилтгаж болно.
Улсын төсвийн арын халаас
Тус үйлдвэрийн газрын зардал, төсвийн зарцуулалт сонирхолтой. Төсвийн нийт зардал 2019 онд 120 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн онд 148.4 тэрбум төгрөг болжээ. Төсвийн зарцуулалтыг лавшруулан задалж үзвэл төсвөөс санхүүжих ёстой зарим ажлын зардлыг тус үйлдвэрээс гаргасан тохиолдлууд цөөнгүй байна.
Тухайлбал, 2019 онд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвд санхүүжилт болгож 737 сая төгрөг шилжүүлжээ. Мөн тус онд “Хүмүүн фильм” НҮТББ-д 200 сая төгрөгийг “Түүх мартахгүй” уран сайхны киноны санхүүжилтэд хандивласан байна. 2.3 тэрбум төгрөгийн төсөвтэй уг киног бүтээхэд Засгийн газраас 1.3 тэрбум төгрөг, төрийн өмчит компаниуд тус бүр 200 сая төгрөг олгожээ. “Хүмүүн фильм” ТББ байгууллага нь үүнээс өмнө “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг киног бүтээсэн аж.
Мөн 2020 онд Богд хааны ордон музейд 50 сая төгрөг шилжүүлсэн нь таван сая төгрөгөөс дээш худалдан авалтын бүртгэлд тэмдэглэжээ. Төсвийн сахилга баттай холбоотойгоор хөндөгддөг хоёр төрлийн шүүмжлэлийг үүн дээр ахин сөхөж болно. Эхнийх нь төрийн өмчит компаниудын санхүүгийн хяналтгүй эрх мэдэл. Нөгөө нь Засгийн газар төсвөөс гадуурх зардал бий болгох. Энэ тохиолдолд дээрх нь төсвийн хүрээнд хийх ёстой ажилд төрийн өмчит компанийг татан оролцуулж буйгаараа Засгийн газрын үүрэг хариуцлагатай холбогдож байгаа юм.
Компанийн зүгээс мөнгөөр үнэлэхэд бэрхтэй өгөөжийг олон хэлбэрээр эх орондоо оруулж байна. Тухайлбал, “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын дулаан, цахилгааны эрчим хүч, усан хангамжийн найдвартай байдлыг хангаж байдаг. Түүнчлэн, сумын хөдөлмөрийн насны иргэдийн 20 гаруй хувийг ажлын байраар хангадаг бол “Зэрэгцээ” алтны үйлдвэр нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өгөөмөр тосгоны хөдөлмөрийн насны иргэдийн 34 хувийг ажлын байраар хангадаг. “Зэрэгцээ” үйлдвэрийн нийт ажиллагсдын 60 гаруй хувь нь тус компанийн байр, орон сууцанд амьдардагаас гадна тухайн сум орон нутгийн төсвийн байгууллагын ажиллагсдыг мөн орон сууцаар хангадаг байна. Корпорацийн бүтэцтэй байгууллагын хувьд “Монголросцветмет” нь бүгдийн хамтрахыг хүсдэг бизнесийн түнш болох нь Шилэн дансны мэдээллээс нь илхэн.
3 тэрбумын алт олборлогч
- Ил байгаа мэдээллээс үзэхэд тус компанийн албан хэрэгцээний жилийн худалдан авалт нь дунджаар 2.2 тэрбум төгрөг, сэлбэг худалдан авахад 6.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулдаг гэхээр бага боломж биш. Ямартай ч, хамгийн том хоёр түншлэгч нь төрийн өмчийн аж ахуйн нэгж байна. Тодорхой хэлбэл, “Багануур, Зүүн Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компанид жилд 8-10 тэрбум төгрөгийг цахилгаан нийлүүлсний төлбөрт, “Улаанбаатар төмөр зам” ХНН-т жилд 6-7.7 тэрбум төгрөгийг тээврийн хөлсөнд төлдөг байна.
- Хамгийн олон удаа харилцсан байгууллага нь “Дархан ар шанд” хэмээх компани байгаа бөгөөд 2019 онд 14 удаа, 2020 онд долоон удаагийн худалдан авалт хийсэн байна. Тус компани нь Дархан-Уул аймагт бүртгэлтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, гадаад худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
- Төрийн өмчит “баян” компанийн занг харуулсан хоёр сонирхолтой гүйлгээ олдсон нь хоёул Таван богд ХХК руу хийгджээ. 2019 онд 259 сая төгрөг, 2020 онд 200 сая төгрөг тус тус шилжүүлсэн нь автомашин худалдан авахад зориулжээ. Гэхдээ 2020 оны шилжүүлгийн гэрээний дүн нь 315 сая төгрөг байсан юм.
- Тус үйлдвэрийн газар 2020 онд саван, угаалгын нунтаг худалдан авахад 13.9 сая төгрөг, сода худалдан авахад 20.2 сая төгрөг тус тус зарцуулсан байна.
- Татварын ерөнхий газрын данс руу шилжүүлсэн гүйлгээ дотроос шүүж үзэхэд 2020 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн нийт дүн нь 14.5 тэрбум төгрөг болж байна. Мөн тус компани 2019 онд төрийн өмчийн ногдол ашигт 2.9 тэрбум төгрөг хуваарилсан хэмээн Шилэн дансны төсвийн гүйцэтгэл бөглөх хэсэгт оруулсан боловч 5 сая төгрөгөөс дээш гүйлгээний бүртгэлд оруулсан нийт дүн нь 3.2 тэрбум төгрөг болж байгаа нь сонирхол татаж байна.
- 2020 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын алтны борлуулалтын орлого 2.9 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх онтой харьцуулбал гурав дахин өссөн дүн юм.
2019-2020 онд хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн хувийн хэвшлийн 10 аж ахуйн нэгж
Ц.Элбэгсайхан /Asia mining/, Р.Оюунцэцэг /www.ikon.mn/, Д.Идэржаргал /www.ubn.mn/
Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны хөтлөлтийн тухай цуврал нийтлэлийг Asia Mining Magazine сэтгүүлээс уншаарай.