Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр гурван яам, хоёр ТНБД-ын суудал өгвөл МАН-тай хүч хавсарч сонгуульд орно гэдэг болзол тулгажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 33 секунд

Намууд улс төрийн том сонгуульдаа дор бүрнээ бэлдэцгээж байна. МАН-аас дарга нь сонгуульд явах нь бараг 200 хувь тодорхой болсон. Харин одоогийн Ерөнхийлөгч АН-аас дэвших эсэх нь эргэлзээтэй хэвээр. Энэ талаар дахиад жич бичье. ХҮН-ынхан Ц.Оюунгэрэлийг намаас нь "сугалж" аваад сонгуульд сойчих гээд эхний уулзалтуудаа хийж албан бусаар ойлголцчихоод байгаа. Энэ талаар хоёр хоногийн өмнөх нийтлэлдээ бичсэн. /энд дарж уншина уу/.

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай нам бүрээс нэр дэвших эрхмүүдийн талаар өгүүлж байгаа цуврал анализын дараагийн "бай" бол МАХН. Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өөр тактик барьж байгаа. Тэд сонгуульд оролцоод ялалт байгуулахгүй гэдгээ өнгөрсөн хоёр сонгуулиар хангалттай мэдэрсэн. Тиймээс энэ сонгуулийн улс төрийн боломжийг ашиглаж өөртөө ч, намдаа ч ашигтай нүүдэл хийж МАН-тай нэгдэхээр болсон.

Н.Энхбаяр ГУРВАН яам, ХОЁР ТНБД-ын суудал авна гэж нэхжээ

Бараг оны дараанаас яригдсан уг асуудал эх орончдын баяр хүртэл маш хүчтэй өрнөж, баяраа дуусгасан хоёр намын удирдлагууд уулзаж сонгуульд хэрхэн оролцох. Н.Энхбаярын МАХН сонгуульд МАН-ыг дэмжиж оролцсоны хариуд ямар "бэлэг" авах тухайгаа ярилцсан. Гэвч уулзалт ямар нэгэн үр дүнд хүрэлгүйгээр хоёр тал нэг нэгэн рүүгээ ангайж, гайхсан харц шийдэлцээд дууссан талаар эх сурвалжууд онцолсон. Уулзалтыг үр дүнгүй болгосон зүйл бол мэдээж Н.Энхбаярын шунал. Шунал ч гэж дээ, өөрийнхөө үнэ цэнийг хэтэрхий мэдэрчихсэн байдал нь.

МАХН-ынхан Ардын намын удирдлагуудаас сонгуульд гол хөзөр болж өгсний хариуд 5 том томилгоог өөрсдөө дур мэдэн хийх эрхийг хүсчээ. Тодруулбал, МАХН дараах ГУРВАН яам, ХОЁР Төрийн нарийн бичгийн даргын томилгоог эрх баригчдаас нэхэж, томилох хүмүүсээ ч санал болгосон гэнэ.

Н.ЭНХБАЯРЫН НЭХСЭН ГУРВАН ЯАМ НЬ:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам - Б.Тулга /МАХН-ын гишүүн/
  • Соёлын яам - О.Цолмон /Н.Энхбаярын эхнэр/
  • Барилга хот байгуулалтын яам - З.Баянсэлэнгэ /МАХН-ын гишүүн/

Н.ЭНХБАЯРЫН НЭХСЭН ХОЁР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЬ:

  • Хууль зүйн яамны ТНБД - Э.Эрдэнэжамъяан
  • Уул уурхайн яамны ТНБД - ???? /УИХ-ын экс гишүүний хүргэн, одоогийн ЗГХЭГ-т удирдах ажил эрхэлдэг нэгэн залуу/

Б.Тулгыг БОАЖ-ын сайдад томилуулна гэжээ

Б.Тулгын хувьд МАХН-ын урдаа барьдаг залуучуудынх нь нэг. Даргынхаа ачаар хоёронтоо дэд сайдын алба хашаад үзчихсэн, энэ удаад сайд хийхэд алзахгүй туршлагатай гэж үзсэн байх. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасан томилогдон ажиллаж байгаа. Байгал орчин, аялал жуулчлалын яам нь МАН-ын хувьд ерөнхийдөө "бонус" бөгөөд ямар нэг бүлгийн эсвэл хүний эрх ашгийг хангаж өгдөг квотын суудал. Жаахан болхиор хэлбэл бусад бодлогын, стратегийн яамдыг бодоход ач холбогдол багатай гэсэн үг. Шадар сайдтай төстэй, эрх мэдлийн бялууг хуваахад дэм болдог хавсарга яам.

Н.Энхбаяр Соёлын сайдад эхнэр О.Цолмонгоо томилуулах хүсэлтэй...

Соёлын яамны хувьд сая шинээр бий болсон бүтэц. Ерөнхийдөө улс төрийн үр нөлөө, ач холбогдлын хувьд БОАЖ-ын яамтай төстэй тул МАН-ынхан энэ яамыг өгөхөөс татгалзаад байх зүйлгүй. Одоо тус яамны сайдаар Монгол HD телевизийн захирал асан Ч.Номин ажиллаж байгаа.

Тэгвэл нөгөө талд нь Соёлын сайдаар томилогдохоор яригдаж буй хүн нь Н.Энхбаярын эхнэр, тэргүүн хадагтай асан О.Цолмон гэнэ. Түүний нэрийг сайдад яригдахад улс төрийн хүрээнийхэн зарим нь цочиж хүлээж авч байгаа бол нөгөө хэсэг нь харин ч боломжийн сонголт байж болох юм гэж таамаглаж буй аж. О.Цолмонгийн хувьд нөхрийнхөө ар талыг олон жилийн турш баттай дааж, улс төрийн үйл хэрэг, сонгуулийн үйл явцад нь ч гэсэн оролцож байсан тун туршлагатай, мэдрэмжтэй нэгэн гэдэг. Магадгүй бүр Н.Энхбаяраасаа ч илүү зангараг гаргаж, нийгмийг соён гэгээрүүл ажилд давгүй үр нөлөөтэй ажиллаж мэдэх улстөрч байхыг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр өөрөө Соёлын яам гэж байхад нь сайдаар нь ажиллаж улс төрийн карьераа эхлүүлж байсан. Тэгвэл энэ удаад эхнэрээ улс төрд орох замналыг мөн л Соёлын яамнаас эхлүүлэхээр шийдсэн бололтой. МАН-ын хувьд Соёлын яамыг Н.Энхбаярын "инжинд" өгөхөөс татгалзах зүйлгүй.

Барилга хот байгуулалтын сайдад экс сайд З.Баянсэлэнгийг зүтгүүлжээ

Дараагийнх нь Барилга хот байгуулалтын яам. Хуучин тус яамны сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг дахин сайдад зүтгүүлж буй гэнэ. Хэдийгээр удирдаж байсан яамтай нь холбоотой асуудал шүүх дээр байгаа ч асуудал нь эцэслэгдэж шийдэгдээгүй. Хүн амын тал нь буюу сонгогчдын талаас илүү хувь нийслэл хотод төвлөрчихөөд буй энэ цаг үед Н.Энхбаяр улс төрийн стратегийн хувьд тун чухал яамыг авахаар санаархаж байгаа нь энэ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө биелэшгүй үлгэр домог гэгдэж иргэдийг үнэгүй орон сууцад бүртгэж байсан үйлдлийг Н.Энхбаяр лав "галзуудаа" хийгээгүй. Бүх зүйл тооцоотой. Монголын нийт сонгогчдын тал нь хотод чихэлдчихсэн бараг 60-70 хувь нь байр орон сууцанд орно гэсэн мөрөөдөл, проблем хоёрыг зэрэгцүүлчихсэн амьдарч байна. Тиймээс энэ салбарыг аваад ажиллахдаа орон сууцжуулах асуудлаар залуучуудыг татаж чадвал дараагийн сонгуульд Н.Энхбаярт л хэрэгтэй. Мөн тус яам нь хамгийн төсөл хөтөлбөр, мөнгө санхүү эргэлддэг салбаруудын нэг билээ.

Уул уурхайн ТНБД-д УИХ-ын экс гишүүний хүргэн, одоогийн ЗГХЭГ-т удирдах ажил эрхэлдэг нэгэн залуу НЭРЛЭЖЭЭ

Төрийн нарийнуудын хувьд МАН яагаад ч энэ саналыг хүлээж авахгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд нь МАН-ын хувьд хамгийн том, хамгийн эрх мэдэлтэй, ач холбогдолтой хоёр яам. Засгийн газраас бэлтгэж буй бүх хуулийн төслүүд ХЗДХ-ын яамаар дамжина. Энд боловсруулна. Мөн энэ цаг үед эрх баригчдад хамгийн их хэрэг болоод буй хуулийн байгууллагуудыг бүхэлд нь энэ яам "базна".

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД-аар УИХ-ын нэгэн экс гишүүний хүргэн, одоогийн ЗГХЭГ-т удирдах ажил эрхэлдэг нэгэн залуугийн нэрийг Н.Энхбаяр дэвшүүлжээ. Н.Энхбаярын санал болгосон хүнийг эх сурвалжууд одоохондоо нууцалж өгөхийг хүссэн юм. ХЗДХ-ын яамны ТНБД-д тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяаныг томилуулна гэжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол мега төслүүдийг хөдөлгөдөг. Үйл ажиллагааг нь хянадаг жинхэнэ мөнгө, санхүү эргэлдсэн яам. Ер нь Монголд орж байгаа мөнгөний гол судсыг атгадаг тийм л ач холбогдолтой яам. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг улс төрийн хувьд стратегийн онц ач холбогдолтой яамдыг эрх баригчид МАХН-д хэзээ ч өгөхгүй. Энэ яамдад аль ч нам засаг барьсан үедээ сайдад нь бодлогын томилгоо, дэд сайд, ТНБД-д нь боловсон хүчний томилгоог хийдэг билээ.

Ингээд МАХН-ын нэхсэн "хуримын инж" МАН-д эхний удаад арай чангадав. Тэд гайхсандаа Н.Батшугарыг СХД-ын нөхөн сонгуульд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах байсныг худлаа шалтаг гаргаад өөрчлөөд хаячихсан. Нөхөн сонгууль ирэх намар болно. Уг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад Н.Батшугар зэрэг нөхдүүд солонгос хоолны "панчаан" аятай УИХ-д гараад ирэх боломжтой байсан юм. Гэхдээ асуудал ингээд дуусчихаагүй. МАН сонгуульд ялахыг хүсвэл Н.Энхбаяртай заавал ойлголцох шаардлагатай. Хэрвээ ойлголцож чадахгүй бол Н.Энхбаяр "босоо" Ганбаагаа сонгуульд сойчиход Х.Баттулга өнгөрсөн сонгууль шигээ жишигдээд гараад ирэх магадлалтай. Тиймээс МАН, МАХН хоёр заавал ойлголцоно. Өнөөдөр Н.Энхбаяр газрын өгсүүр талдаа байгаа тул МАН яалтчгүй буулт хийж зарим яам болон ТНБД нарын томилгоог өөрчлөөд дундын хувилбарыг заавал гаргана. Тэд ойлголцох нь цаг хугацааны л асуудал болов уу. Ерөнхийлөгчийн сонгууль дээр хэн сайн тооцоо хийж, саналаа хураана тэр хүн л ялалт байгуулна.

Г.Лхагвадорж

Д.Хан-Уул: Дугуйн замын үргэлжлэх бүх хэсэгт хашлага хийхгүй
Д.Хан-Уул: Дугуйн замын үргэлжлэх бүх хэсэгт хашлага хийхгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.