Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршлыг тохижуулах ажлын хүрээнд Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17,8 км дугуйн зам хийгдэж байна.
Тэгвэл цахим орчинд дугуйн замын хоёр талаар босгосон төмөр хашаануудыг шүүмжлэх иргэд нэмэгджээ. Иймд бид Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уултай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Цахим сүлжээнд дугуйн замын хашлагыг шүүмжилж буй иргэд маань мэдээлэлгүй байна. Сүүлийн үед дугуй унаж хурдтай явах сонирхолтой залуус нэмэгдсэн. Иймд хашлаганаас болж бэртэж гэмтэх эрсдэл учрах вий хэмээн бухимдаж байгаа юм. Гэтэл энэхүү дугуйн зам энгийн сонирхогч, аялж зугаалах хүсэлтэй хүн бүрт зориулан хийгдэж байгаа.
Дүнжингаравын зам дагуу 17,8 км дугуйн зам нь Туул голын дагуу хийх унадаг дугуйн 161.3 км замын ажлын дөнгөж эхний хэсэг. Мэдээж дугуйн замын үргэлжлэх бүх хэсэгт хашлага хийхгүй. Зөвхөн шаардлагатай хэсэг буюу ундны усны хил хязгаартай, далантай хэсгүүдэд хийх юм. Хаана дугуйн зам хийгдэж байгаагаас шалтгаалан нэг эсвэл хоёр хашлагатай хийгдэх жишиг гадны улс орнуудад ч бий. Иймд иргэд та бүхнийг ойлгож зөвөөр хүлээж авахыг хүсэж байна” гэлээ.