Дахиад нэг хуулийн гажуудал. Хэд хоногийн өмнө манай сайт Ерөнхийлөгчийн сүүлд тавьсан хоригийн хорлолын талаар бичиж байсан. Одоо энэ асуудлыг УИХ-ын түвшинд гишүүд ил цагаан яриад болгоомжлоод эхэллээ. Олдсон дээр нь гэдэг шиг УИХ бүрэн эрхээ алдаж болзошгүй нөхцөл байдалтай байгаа гэдгийг хувь сэтгүүлчийнхээ хувьд ахиад нэг сануулчихъя. Тодруулбал, өнөөдөр Ерөнхийлөгчийн цэцийн гишүүнд тавьсан хоригийг хэлэлцэх үеэр Ж.Сүхбаатар гишүүн уг асуудлыг товч тодорхой хөндлөө.
Хориг тавьснаас хойш МАН их л оройтож энэ хоригийн хор уршгийг ярьж эхэллээ. Уг нь бол тавьсан даруйд энэ асуудлыг хөндөж ардчилал, Засаг төрийн нэгдмэл болон тасралтгүй байх үндсэн суурь зарчим алдагдах магадлалтай талаар дуугарах ёстой байсан юм. Одоо гол асуудалдаа оръё.
Хоригийг хэлэлцэх л юм бол Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг унагаж чадахгүй, бас хамгаалж ч чадахгүй
УИХ хэрвээ Ерөнхийлөгчийн ҮХЦ-ийн гишүүн буюу хувь хүн дээр тавьсан хоригийг хэлэлцэх л юм бол жинхэнэ хуулийн гажуудал руу явна. Засаг төрөө байгуулах нь байтугай, хариуцлага ч тооцож чадахгүй нөхцөл бүрдэнэ. Хоригийг хүлээж авах, авахгүй огт хамаагүй. Хоригийг хэлэлцэж байна аа гэдэг нь цаад агуулгаараа Ерөнхийлөгчийн зүгээс хууль, УИХ-аас гаргасан шийдвэрээс бусдад зүйлд өргөн хүрээнд хориг тавьж болно гэдэг боломжийг нээгээд өгчихөж байгаа хэрэг.
Монголбанкны ерөнхийлөгч, ҮХЦ-ийн гишүүд, ШЕЗ-ийн гишүүд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гээд УИХ-аас томилдог бүх албан тушаалтнууд Ерөнхийлөгчийн хоригийг давахгүй болчихноа.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч ХҮН буюу АЛБАН ТУШААЛТЫН томилгоонд хориг тавьж саад гацаа үүсгэж, гүйцэтгэх засаглал, УИХ-ыг бүхэлд нь далдаас удирдах боломж юм.
Хэрвээ ингэвэл дээр дурдсан шиг Ерөнхий сайдын томилгоог хийхэд, гүйцэтгэх засаглалтайгаа хариуцлага тооцоход маш хэцүү болно. Ерөнхийлөгч эрх барьж буй намынхантай зөвшилцөж шинэ Ерөнхий сайдыг томилуулчихаад Засгийн газарт өөрийнх нь нэрлэсэн хүмүүсийг багтаахгүй гэвэл Ерөнхий сайд дээр нь ХОРИГ ТАВИАД бүхнийг чагтлаад тэвчих боломжтой. Ингээд сөрөг хүчинтэйгээ нийлээд хоригоо өөрийн талд шийдүүлээд шинээр томилогдсон Ерөнхий сайдыг нь "гол гаргачихаад" өөрийн үгийг сонсох нэгнийг эрх баригчдыг томилохыг хөшигний ард шаардана суух боломж бүрдэх юм.
Ердийн хуулийг 39 ба түүнээс дээш гишүүний саналаар баталдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс хориг ороод ирвэл 51 гишүүний дэмжлэг хэрэгтэй болж байгаа юм. УИХ баталсан хуулиа хамгаалахдаа батлахад оролцсон гишүүдээсээ давсан тооны гишүүдийн дэмжлэг авч байж шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн үг. Ингэснээр “УИХ төрийн эрх барих дээд байгууллага” гэсэн статусаа амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байх нөхцөл бүрдэж Ерөнхийлөгчөөс хараат байдалд орох эрсдэл байсаар байна.
Үүсэх нөхцөл байдлыг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээр жишээ авч үзье. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд алдаа гаргаж, түүнд нь хариуцлага тооцохоор УИХ-ын гишүүд улс төрийн акц зохион байгуулаад ЗАСГАА унагалаа гэж үзье. Гэтэл УИХ-ын энэ шийдвэрт нь Ерөнхийлөгч хориг тавиад, сөрөг хүчнийхэнтэй хамсаад "хаалгаар" гаргасан Ерөнхий сайдыг нь "тооноор" оруулаад ирнэ гэсэн үг.
Өөр нэг жишээ, Л.Оюун-Эрдэнэ алдаа гаргаагүй байхад улс төрийн зорилгоор тоглолт хийж түүнийг огцруулах гээд чадсангүй гэж бодъё. Тэгвэл энэ шийдвэрт нь Ерөнхийлөгч хориг тавиад сөрөг хүчин, улс төрийн зорилготой нөхдүүдтэй гар нийлчихвэл яах вэ.
За, товчхондоо гүйцэтгэх засаглал болон УИХ энэ маягаараа бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй болох нь. ҮХ-ийн өөрчлөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхдээ энэ мэт хуулийн завсар, хийдлийг нарийн тунгааж ирээдүйд үүсэх улс төрийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх нь л зүйтэй. Иргэдийн хувьд хэн хэнийгээ татаж унагааж, өргөж босгох нь хамаагүй. Ганцхан улс төрийн тогтворгүй энэ байдлын чинь горыг эдийн засаг, хөрөнгө оруулалт, тооцоо судалгаагүй савалсан улс төрийн бодлогоор иргэд амсдаг юм.
Үеийн үед Ерөнхий сайдаа огцруулж, Засгийн газрыг унагаана гэж хөөрцөглөж, битүүхэн энд тэнд бүгж хэвтдэг гомдогсод болон сөрөг хүчнийхэн САЙН БОД...
Г.Лхагвадорж