Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүсээд буй нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн: "Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 м/с, түр зуур 28-30 м/с, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 м/с, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан.
Мөн Архангай аймгийн хойд хэсэг, Булган аймгийн өмнөд хэсэг, Завхан аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, Хөвсгөл аймгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, салхины хурд 16-23 м/с, түр зуур 26-30 м/с хүрч, цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Цасан болон шороон шуурганы улмаас Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн нутагт малд яваад сураггүй болсон хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эсэн мэнд оллоо.
Мөн гуравдугаар сарын 27 буюу өнөөдрийн 18:00 цагийн байдлаар:
- 18 айлын гэр нурсан
- 25 айлын хашаа нурсан,
- 5 байшингийн дээвэр хууларсан
- 200 орчим толгой мал шуурганд уруудсан
- 20 толгой бог мал хорогдсон тухай дуудлага мэдээлэл ирсэн.
Тухайлбал,
Завхан аймгийн Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнхайрхан суманд тус бүр нэг, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 2, Баянговь суманд нэг, Эрдэнэцогт суманд нэг, нийт 4 айлын гэр, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд нэг блокон хашаа нурж, 20 бог мал дарагдаж хорогдсон, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 2 айлын гэр, Жаргалан суманд 6 айлын гэр, 24 айлын хашаа нурсан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 2, Уянга суманд нэг, нийт 3 айлын гэр нурсан байна" гэв.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч, Дорнод аймгийн нутгаар цас орж хүчтэй цасан болон шороон шуурга шуурах тул малчид, иргэддээ цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Нэмж дуулгахад энэ сарын 29-наас нийт нутгаар дулаарна гэсэн мэдээллийг цаг агаарын байгууллагаас мэдээлж буй билээ.