Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор XVII жарны Хотол төгс хэмээн Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.
2020 оны хоёрдугаар сарын 13-наас Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
Засгийн газраас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж байна. Хориглоно гэдэг үгийг огт оруулаагүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэхийг огт хориглоогүй. Зөвхөн хөдөлгөөнийг хориглож байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т зааснаар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд амарна. Харин шаардлагатай тохиолдол гарсан үед төрийн албан хаагчид ажиллана" хэмээв.