Загийн шар аалз буюу арваалж нь хамгийн томдоо 5-7 сантиметр хүрэх урттай байдаг бөгөөд Монголын говьд элбэг тохиолдоно. Шөнийн идэвхтэй ангуучилдаг махчин зүйл. Маш хөдөлгөөнтэй, хурдан гүйх ба дэвхэрч харайж чаддаг байна. Цох, аалз, шавж хорхойгоор хооллох ч гүрвэл зэрэг томоохон ангаас буцахгүй.
Шар аалзанд хорны булчирхай байхгүй гэж судлаачид үздэг. Гэвч хелицер хэмээх хүчирхэг хошуун дотроо хөрөө шиг иртэй шүднүүдтэй. Арьс хөрс, өд сөд, бүр жижиг ясыг ч тэр төвөггүйхэн тасдан хөрөөдөж чадна. Хазуулсан газар өвдөөд зогсохгүй үрэвсэж, хавдана. Бас халуурна. Учир нь арваалжны өмнөх хоол зоогоос хошуу шүдэнд нь үлдэж хоцорсон бохир зүйлс шарханд нэвтэрч үрэвсүүлдэг байна.