Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Наранбаатар: Би өөрийгөө мундаг яруу найрагч гэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 25 секунд
Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин Д.Наранбаатар

Яруу найрагч, малчин, бөх тайлбарлагч Довчингийн Наранбаатартай ярилцлаа.

- МАЛ МАЛЛАХ САЙХАН-

-Сайхан хаваржиж байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайхан хаваржиж байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн дөрөвдүгээр багийн малчин Довчин овогтой Наранбаатар. Дөрвөн ахтай. Одоо ээжтэйгээ амьдардаг. Ах нар туурга тусгаарласан.

-Хаваржаа тавлаг уу? Мал нь төллөөд эхэлсэн үү?  Мал маллахын сайхнаас яриач?

-Мал төллөөд эхэлсэн. Дундаа ороод явж байна. Мал маллах сайхан шүү. Малынхаа бэлчээрт хонио хариулаад, үхэр адуугаа туугаад явж байхад эр хүний хийморь сэргэдэг. Өргөн, уудам талд мал маллахаас илүү жаргал гэж юу байхав. Өглөө эрт сэрж, орой эрт унтдаг. Хөдөөний ажил барагдахгүй. Өглөөнөөс орой хүртэл завгүй, зүтгэнэ. Миний хувьд дөрвөн төрөлд малаа өсгөж байна.

-Цаашдын зорилго юу байна?

-Өөрийнхөө чадлаар малаа сайн өсгөж, сайхан малынхаа үр шимийг хүртэж улсын сайн малчин болох зорилготой. Малчин хүн байгальдаа малдаа хайртай байх ёстой. Малаа зүй бусаар хорогдуулахгүй юм сан. Тэжээл, өвсөөр нь дутаахгүй юм сан гэсэн зорилго тээгээд явж байна.

-Малчин хүнд байх ёстой эрхэм чанарын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Хонь, ямаа бог малын хувьд хариулга их чухал. Малдаа хэрэгтэй бүхий л витамин, тарилга, уургийг хэрэглэх хэрэгтэй. Өвөлдөө тарган сайн орсон мал хавар ядардаггүй. Хамгийн чухал нь малын тоонд биш чанарт анхаарах шаардлагатай. Нэгэнт мал хариулж байгаа бол ашиг шимийг нь хангалттай хүртэх хэрэгтэй. Ямаагаа ноолуурын чиглэлээр, хонь үхрээ махны чиглэлээр өсгөвөл зүгээр. Залуу малчны төлөөллийн хувьд ийм л зүйл хэлье даа.

Өвчингүй л байвал хүний амьдрал болох нь тэр

-ЭЭЖИЙГЭЭ ГАНЦААРДУУЛАХГҮЙН ТУЛД ИХ СУРГУУЛИАСАА ГАРЧ, МАЛЧИН БОЛСОН-

-Таны өвөө бөх хүн байсан юм билээ. Бөхөд дуртай болох эхлэл тань үүнээс үүдэлтэй юу?

-Тийм ээ. Манай өвөө Улсын заан Цанлигийн Дамдиндорж гэдэг хүн. Гарлаа, давлаа гэгддэг сайн бөх байсан. Гарлаа л бол өмсөөд хаячихна. Манай аав барилддаггүй. Морь их сайхан уядаг, сумын алдарт уяач хүн байв. Сум орон нутагтаа долоо найман айраг авч байсан. Өөд болоод хориод жил болж байна. Манай нэг ах удам залгаад морь уядаг. Би ч гэсэн бөх, морины сонирхолтой. Хааяа нэг морь уячихдаг. Нэг ах маань барилддаг сумын заан цолтой. Сонирхогчийн түвшинд анх удаа бөх тайлбарлахад хүмүүс их сайхнаар хүлээж авсанд их урам орсон. Сум орон нутагтаа бөх огт тайлбарладаггүй шүү дээ. Би чинь их сониуч. Сониорхмон зүйлээ хийж байж сэтгэл амардаг. Хүн хичээвэл юуг ч хийж чадна.

-Та бөх барилддаг байсан юм билээ. Гэмтлээсээ болоод больсон юм уу?

-Багадаа барилдах дуртай. Өсвөрийн үндэсний бөхийн барилдаанд оролцдог байлаа. "Х" хөлтэй байсан учраас хагалгаанд орж хоёр жил гаран хэвтэрт басйан. Түүнээс болоод барилдаж чадахааргүй болсон. Гэмтэл, бэртэл аваагүй бол өдийд аймгийн арслан, заан цолонд хүрчихсэн байсан байх гэж боддог. Хөлөө эмчлүүлээд өдий зэрэгтэй эрүүл болсондоо баярладаг. Өвчингүй л байвал хүний амьдрал болох нь тэр. Ээж минь намайг эрүүл болгохын тулд бүхнээ зориулсан. Өвдөх өвчингүй, зовох зовлонгүй болсон минь ээжийн минь ач.

-Таны ээж хаана байгаа вэ? Бие тэнхээ нь сайн байгаа юу?

-Ээж маань сумын төвд байгаа. Саяхан хагалгаанд орсон. Сэтгэл санааг нь тайван байлгаад аль болох тайван байлгавал хурдан тэнхрэх байх. Аав өөд болоод ээж минь ганцаараа үлдсэн. Ээжийгээ ганцаардуулахгүй, хань болохоор их сургуулиасаа гарч, малчин болсон. Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд хоёр жил сурч байлаа. Төгссөн бол гайгүй явах байсан болов уу. Гэхдээ өдий зэрэгтэй эрүүл байгаа минь их хувь тавилан. Хүн эрүүл л байвал сурах хэзээ ч оройтдоггүй. Миний хувьд нэгэнт малчин болсон болохоор сурах тухай ярихгүй. Малаа сайхан өсгөхийн төлөө амьдарна.

Үнэн сэтгэлээсээ хөдөө нутагт амьдрах хүсэлтэй бүсгүй байвал амьдралаа холбох бодол бий.

-БИ ӨӨРИЙГӨӨ МУНДАГ ЯРУУ НАЙРАГЧ ГЭХГҮЙ-

-Хүмүүс таныг яруу найрагч гэдгээр тань мэднэ. Шүлгийн ном тань хэвлэлтээс гарсан уу? Номоо гаргахад дэмжиж тусалсан хүн бий юу?

-Хаана л онгод орно тэр бүрт шүлгээ тэрлэдэг. Шүлгийг баргийн хүн тэрлэдэггүй байх. Ховор тохиолдол. Би өөрийгөө мундаг яруу найрагч гэхгүй. Өөртөө болоод л явна. Шүлгээ олон хүнд хүргэх юм сан гэж боддог. Бага сага хүрч л байна. “Хайрын цоморлиг” шүлгийн 50-60 ном хэвлэлтээс гарсан. Удахгүй гар дээр маань ирэх байх. Найз нөхөд өөрийн дотны хүмүүст мөн дэмжигчиддээ өгнө. Өөрийнхөө хөдөлмөрөөр номоо гаргасан. Тусалсан хүн байхгүй.

-Эхнэр болох хүнээ ямар хүн байгаасай гэж боддог вэ?

-Хөдөө амьдрах хүн ховордчихож. Үнэн сэтгэлээсээ хөдөө нутагт амьдрах хүсэлтэй бүсгүй байвал амьдралаа холбох бодол бий. Хөдөөний амьдралыг арван хуруу шигээ мэддэг, жаргал зовлонг нь ойлгодог эмэгтэй байвал болно доо.

-Та фэйсбүүкийг их идэвхтэй ашигладаг юм байна.

-Өөрийнхөө чадах ядахаар ашигладаг даа. Хэлэхгүй бол болохгүй зүйлүүд гарч ирээд байгаа учраас ойрд хэд хэдэн удаа лайв хийлээ.

-НӨХӨРТЭЙ БОЛООД ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛСЭН ХҮНД ТӨВӨГ БОЛМООРГҮЙ БАЙНА-

-Таны зургийг хүмүүс цахим сүлжээнд нийтэлж байсан бол одоо найз бүсгүйтэйгээ хамт авхуулсан зургийг чинь шейрлэх болсон. Олон нийт хэт хувийн асуудалд тань оролцож байгаад таны бодол.

-Эртний зургийг минь фэйсбүүкт нийтэлж, олон хүн миний эрхэнд халдах боллоо. Миний фэйсбүүк рүү ороод зураг үзээд татаад авчихдаг. Хүмүүс өөрсдийнхөө дураар хүссэн зүйлээ бичиж, хувийн амьдралыг минь амны зугаа болгож байгаад хэлэх үг алга. Урьдын хайр сэтгэлийн холбоотой байсан эмэгтэй маань намайг хүмүүсээр зургийг нь олон нийтийн сүлжээнд тараалгаад байна гэж буруу ойлгоод байгаа. Би юу гэж тийм зүйл хийхэв дээ. Зургийг маань нийтлээд тоглоом хийгээд байгаа хүмүүст зургийг минь устгаарай гэж хэлмээр байна.

-Бид хоёр одоо ямар ч холбоогүй болсон. Нөхөртэй болоод шинэ амьдралаа эхлүүлсэн хүнд төвөг болмооргүй байна. Тэр маань сайхан амьдарч байвал болно гэж боддог. Би ч гэсэн хөдөө малаа маллаад сайхан байгаа.

-Та өөрийнхөө фэйсбүүкээс найз бүсгүйтэйгээ хамт байгаа зургаа устгаагүйгээс хүмүүст буруу ойлголт үүсгэсэн байх. Одоо бол холбоогүй юм байна тийм үү?

-Нэг жил гаран хамт амьдарсан. Хоёр тийшээ болоод тав зургаан сар болж байгаа. хоёулаа байж байгаад ганцаараа болохоор эвгүй л байдаг юм билээ. Одоо ч дасчихаж дээ. Салснаасаа хойш уран бүтээлдээ төвлөрөх болсон.

-Ярилцлагын төгсгөлд танд хэлэх зүйл байна уу?

-Намайг буруу ойлгосон хүмүүс байвал зөвөөр ойлгоорой. Хөдөө хотын хүн гэж юу байхав дээ адилхан л хүн шүү дээ. Хүмүүс гадаад төрхийг бус дотоод сэтгэлийг нь анзаардаг байгаасай. Тусалж, дэмждэг хүмүүстээ баярлалаа. Шүлгээ чадах ядахаараа бичнэ ээ гэж хэлье даа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.  

 

Халдварын тоо өдөрт 200-аас дээш нэмэгдвэл хөл хорио тогтоож магадгүй
Халдварын тоо өдөрт 200-аас дээш нэмэгдвэл хөл хорио тогтоож магадгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.